Ерөнхий сайд Бээжинг зорино

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш БНХАУ-ын Бээжин хотыг зорино. "Бээжин 2022"  XXIV өвлийн олимпын нээлт 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр болох юм. Бээжингийн эрх баригчид өвлийн олимпын бэлтгэлийг цар тахлын  өндөр хяналт дор зохион байгуулж буй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн олимпын нээлтэд оролцохоос гадна БНХАУ-д ажлын айлчлал хийж, Хятадын төрийн зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж, яриа хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байгаа юм. 

Монголын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй нэгдүгээр сарын 28-нд утсаар ярихад тэрээр  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцохоо хамгийн түрүүн илэрхийлсэн гадаад орны төр, засгийн удирдлагуудын нэг гэдгийг онцолж, Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож байгааг БНХАУ-ын Засгийн газрын зүгээс чухалчлан үзэж, сайшааж байгааг дурдсан юм.

Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд 20 орчим хүн багтжээ. Үүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй хүмүүс байна.