С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Баяр: Санаатай, санаагүй нь хамаагүй, Хөгжлийн банканд арай л дэндүү юм болжээ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Манай банк төрийн өмнөөс гаднаас зээлийн эх үүсвэр босгосон. Үүнийгээ эргүүлээд төлж чадахгүйд хүрэх юм бол тэр өр нь төрийн нуруун дээр унана. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн 800 сая ам.доллароо төлж чадахгүйд хүрвэл Засгийн газар төлөхөөс өөр аргагүй болж байгаа юм" гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон удаатай. 2011 онд үүсгэн байгуулснаас хойш урт хугацаанд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх статустай, өдгөө 3.2 их наядаар хэмжигдэх активтай Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ 12 дахь жилийнхээ босгон дээр 1.6 их наядыг даваад байгаа юм. Эл асуудлаас үүдэж Ерөнхий сайд АТГ-д чиглэл өгсөн бол УИХ-аас Ажлын хэсэг байгуулж Хөгжлийн банканд шалгалт хийхээр болоод буй.
Нийгэм, улс төрийн хүрээний анхаарлын төв цэг болоод буй уг асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Хөгжлийн банкны кэйс манайдаа л "Уотергейт" болох шинжтэй. Санаатай, санаагүй нь хамаагүй арай л дэндүү юм болж. Улсаа хөгжүүлнэ гэж байгуулсан банк, улсаа өрөнд унагаж. МАН Их хурлаараа сая юу тунхаглав. Тэрнийгээ одоо яг хэрэгжүүлдэг түүхэн цаг үе мөн гэж харагдана" гэжээ.