С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Монгол, Хятадын харилцаанд аялал жуулчлал чухал салбар
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтад БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа, мэргэжилтэн Б.Батцэцэг, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн З.Оюуншүр нар байлцав.
Элчин сайд Цай Вэньруй уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр орон байгаль орчин, аялал жуулчлалын салбарт олон жилийн туршид нягт хамтран ажиллаж ирснийг онцлов. Мөн талуудын харилцан ойлголцол, харилцаа маш сайн явагдаж байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн цар тахлын хүнд үед ч байгаль орчны салбарын хамтын ажиллагаа уян хатан байдлаар үргэлжилж байгаад баяртай байгааг илэрхийлэв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн жилүүдэд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсэнийг дурдаж, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар устах аюулд ороод байсан “Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлов. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч ховордож буй цөөн тоо толгойтой Мазаалай баавгайн асуудлыг анхаарч ажилладаг гэдгийг тэмдэглэлээ.
Үүнээс гадна өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нарын 6 дугаар хуралдааныг зохион байгуулсныг дурдаж, гурван улсын хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Монгол Улс өндөр ач холбогдол өгч байгааг онцлов.
Мөн Монгол Улсын Засгийн газар хилээ албан ёсоор нээсэнтэй холбогдуулан аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байгааг онцолсон юм. Энэ хүрээнд хоёр улсын хооронд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, харилцан сурталчилгаа хийх, өдөрлөгүүд зохион байгуулах, мэдээллийн төвүүдийг байгуулах, БНХАУ-ын томоохон хотуудад Монголын соёлын өдрүүдийг байгуулах ажлуудыг хамтран зохион байгуулахад Элчин сайдын дэмжлэг ихээхэн чухал байгааг онцлон тэмдэглэлээ.
Үргэлжлүүлэн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-д айлчлал хийх үеэр Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Монгол-Хятадын Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх уулзалтын эхлэл тавигдаж, шинжээчдийн түвшний уулзалтыг 2018 онд зохион байгуулсан. Хоёр улсын байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэхүү механизм чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж, Бодлогын зөвлөлдөх анхдугаар уулзалтыг 2022 онд зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ.
Монгол-Хятадын Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөгөөнийг 2022 оны 2 дугаар хагаст зохион байгуулах саналтай байгааг холбогдох яаманд уламжилж өгөх хүсэлт тавив.
Түүнчлэн БНХАУ-ын Куньмин хотноо дөрөвдүгээр сард болох Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 15 дугаар Бага хуралд оролцохоор төлөвлөж байгаа ба энэ үеэр Экологи, хүрээлэн буй орчны сайдтай уулзаж, хамтын ажиллагааны чиглэл, тодорхой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгааг дурдлаа.
Элчин сайд Цай Вэньруй “Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах” төслийн ач холбогдол өндөр гэдгийг мөн онцлов. Аялал жуулчлал бол маш чухал салбар ба хоёр орны харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцлоод Монгол Улс, БНХАУ-ын хувьд газарзүйн байршил ойрхон тул аялал жуулчлалыг хөгжүүлэх нь нэн чухал ба Монгол Улс цахим виз олгодог болсон нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж харж байгааг илэрхийллээ. Цар тахлын улмаас аялал жуулчлал зогссон ч цаашид сэргэнэ, иймээс талууд аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээг дэмжих ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байгааг онцоллоо. Хил орчмын аялал жуулчлалыг нэг төрлийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх боломжтой гэж харж байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын шинэ маягийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн 5 чиглэл байгаагийн нэг нь ногоон хөгжил гэдгийг онцоллоо. Шинэ технологи нэвтрүүлэх, цөлжилттэй тэмцэх, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх асуудал нь чухал гэдгийг тэмдэглэв. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллах өргөн боломж бололцоо байгаа талаар танилцууллаа. Тухайлбал, үүнд технологи дамжуулах, техник, тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг чадавхжуулах, мод тарих аргачлалын талаар сургалт явуулах зэрэг чиглэлээр дэмжиж ажиллах боломжтой гэдгийг илэрхийлсэн юм. БНХАУ мод тарих чиглэлээр сайн туршлага хуримтлуулсан орнуудын нэг учир дэмжиж ажиллахад бэлэн байгаа гэдгээ онцолж байв.
Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлах, хамгаалах асуудлаар БНХАУ-ын хамтарч ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо.