С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Капитал банканд "түгжигдсэн" 118 тэрбумыг хоёр санд хувь тэнцүүлэн хуваарилна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Капитал" банканд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудыг байлцуулж Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад "Капитал" банкны барьцаанд болон өөрийн өмчлөлд байсан бусад эд хөрөнгийн жагсаалтыг танилцуулсан. Авбал зохих хувь хэмжээгээр нь хувь тэнцүүлж шилжүүлэхээр тохиролцсон. Засгийн газрын хуралдаанаар үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий бусад эд хөрөнгийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлэн өгөхийг холбогдох байгууллагад үүрэг болгосон. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын одоо авбал зохих хөрөнгийн хэмжээ бол 91.9 тэрбум төгрөг. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газрын үлдэгдэл 74.3 тэрбум төгрөг байгаа. Капитал банкны битүүмжлэгдсэн үнэлгээ тогтоогдсон хөрөнгийн нийт үнэлгээ 118 тэрбум төгрөг болсон. Энэ 118 тэрбум төгрөгийн эд бүхий хөрөнгийг хувь тэнцүүлэн шилжүүлэн өгнө.
118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг танилцуулбал:
- 52.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний обьект 44 ширхэг
- 1.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий долоон үйлдвэр
- 32 тэрбум төгрөгийн үнэ бүхий 46 орон сууц
- 26.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 82 ширхэг нэг талбарын дугаар бүхий газар
- 2.3 тэрбум төгрөгийн өртөгтэй дөрвөн ширхэг зоорь
- 656 сая төгрөгийн үнэ үнэлгээтэй дуусаагүй барилга гурван ширхэг
- 228 сая төгрөгийн үнэлгээ бүхий фермийн барилга долоон ширхэг
- 564 сая төгрөгийн үнэ бүхий агуулах, гарааж нийтдээ зургаан ширхэг
Эдгээр барилгыг хоёр санд шилжүүлэн өгөх ажлыг ойрын хугацаанд хийж дуусгана. Битүүмжлэлийг цуцалж, шилжүүлж өгснөөр дээрх хоёр сан өөрсдийн дотоод журмын дагуу дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан худалдах ажиллагаа эхэлнэ" гэдгийг онцоллоо.