С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ц.Нямдорж: Шинэ сайд нарыг яаралтай томилмоор байна гэдгээ хэлсэн
УИХ-аас холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Засгийн газрын бүтцэд хоёр яамыг шинээр нэмж байгуулсан. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар, Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ажлын стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан юм.
Ингэснээр Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байхаар тус тус заасан. Улмаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгасан.
Гэвч хоёр агентлагийн бүтцэд түшиглэн байгуулсан шинэ яамдын сайд нарыг өнөөг хүртэл томилоогүй байгаа юм. Энэ талаар Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж "Хоёр сайдыг томилох асуудал яригдаж байна. Одоохондоо яамдын Төрийн нарийн бичгийн дарга, нэг дэд сайдыг томилсон. Өнгөрсөн долоо хоногт Намын удирдлагатай энэ талаар ярьсан. Яаралтай сайд нараа томилмоор байна гэдгээ хэлсэн" гэжээ.