Т.Доржханд: Х.Баттулга парламентаа хүндэтгээд ирэх ёстой

Хөгжлийн банктай холбоотой ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Хоёр сарын өмнө хийсэн хэлэлцүүлэгт МАН, АН-ын удирдлага нь улс төрийн хариуцлага тооцно гэсэн. Өнөөдөр УИХ-д үүнийг ярьж байгаа нь зөв ч ямар ч үр дүн алга. Эрх бүхий хүмүүс нь алга. Хуулийн, улс төрийн, ёс зүйн, эдийн засгийн хариуцлагыг бид нэхэх ёстой. Үүнд хамаарах дөрвөн субъект нь байх ёстой. УИХ иргэдээ төлөөлнө. Үндсэн хуулиараа шийдвэр гаргах дээд шатны байгууллага. Ардчилсан намын үед маш их зээл авсан байгаа учир удирдлагыг дуудах хэрэгтэй. Хамгийн их зээл авсан хүмүүсийг ч байлцуулах ёстой. "Сахал" Д.Эрдэнэбилэгийг дуудаж, өөрийн амнаас бодитой мэдээллийг сонсмоор байна.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга парламентаа хүндэтгээд ирэх ёстой. Яагаад тэр хүн залуусыг ашиглаж турхираад, шоронд хаячхаад байдаг юм бэ? Хариуцлагыг том "хулгайч" нараас нэхэж авч чадахгүй юм бол энэ хурлыг хийх шаардлага байхгүй. Хоёр нам ээлжилж, хамтрахаараа нийлж хулгай хийгээд байхаар энэ улс яах юм бэ? Хулгай хийдэггүй улс төрийн шинэ хүчин гарч ирэх гэхээр хоёулаа нийлээд дарчихдаг.

Ёс зүйн хариуцлага ч тооцох ёстой. Эдийн засгийн хариуцлага тооцуулж энэ мөнгийг улс биш өөрсдөөр нь төлүүлэх ёстой. Үүнийг нэг удаагийн сонсголоор шийдэх асуудал биш. УИХ-ын хяналт шалгалтын түр байнгын хороог байгуулж, чуулганаар шийдвэрлүүлэх шаардлагатай байна" гэсэн байна.

Х.Номин-Эрдэнэ