С.Зоригийн хөшөө бүхий газрыг зарсан нь үнэн гэдгийг С.Эрдэнэ баталлаа

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөтэй газрыг 400 мянган ам.доллараар зарж, оффис, үйлчилгээний барилга барихаар болсон талаарх шуугиан нийгмийн сүлжээнд тарсан. Уг асуудалтай холбогдуулж, АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ. Түүний хэлснээр С.Зоригийн хөшөө бүхий газрыг зарсан нь үнэн гэдгийг баталжээ.

Тэрбээр "Анх ардчилсан хувьсгал гарч, гол манлайлагч Монголын ардчилсан холбоо, Шинэ дэвшил холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн гэсэн улс төрийн гурван хүчин байсан. Сүүлдээ энэ гурван хөдөлгөөнөөс намууд үүсч, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшил нам, Монголын социал демократ намыг байгуулсан түүхтэй. Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед гурван байр эзэмшигчээр хуваарилж байсан. Тэрний нэг нь хуучин Соёлын яамны байр буюу одоогийн арваннэгдүгээр хороололд байрлах Монголын ардчилсан холбооны байрыг Ардчилсан холбоо, Ардчилсан намын дунд эзэмшүүлсэн.

Дараа нь Монголын үндэсний дэвшил намын байр буюу С.Зориг агсны хөшөөтэй байрыг Шинэ дэвшил холбоо, Монголын үндэсний дэвшил намын дунд өгсөн бол Соёлын төв өргөөний хүзүүвч байсан байрыг Ардчилсан социалист хөдөлгөөн болон Монголын социал демократ намын дунд өгч байсан. Одоо энэ гурван байраас Монголын ардчилсан холбооны байр өмчлөлд шилжсэн. Тухайн үед би энэ холбооны дарга байх үедээ Төрийн өмчийн хороогоор хөөцөлдөж, өмчийн тогтоол гаргаж авсан түүхтэй.

Соёлын төв өргөөний хүзүүвчний байрыг тухайн үед түрээслэн, эзэмшиж байхад би тухайн үед НИТХ-ын төлөөлөгч байсан. Ардчилсан намаас Ш.Алтангэрэл, Д.Нямхүү бид гурав л төлөөлж байлаа. Тухайн үед нэлээн хөөцөлдөж, давуу эрхээр хүзүүвчний байрыг худалдаж авахаар НИТХ-ын тогтоол гаргуулж, 300 орчим сая төгрөгөөр Монголын Үндэсний ардчилсан намын байр болгож байсан.

Дараа нь Ардчиллын өргөө барина гээд Н.Алтанхуяг намын дарга байх үедээ тэр байрыг зарж үрээд алга болсон. Одоо хууль шүүхийн байгууллагаас шалгаж байгаа. Шинэ дэвшил холбооны намын байр буюу бидний нэрлэдгээр “Муурын байшин” түүх соёлын дурсгалтай байр. Энэ байр намайг 2016 онд намын даргын сунгаанд оролцож, 2017 онд дарга болоход “Голомт” банкны ерөнхий захирал Д.Баясгалан уулзаж, “Энэ байрыг худалдаж авсан. Монголын үндэсний дэвшил нам болон Шинэ дэвшил холбооныхонтой яриад, газрыг худалдаж авсан. Хотын захиргаанаас бүх бичиг баримт нь миний нэр дээр гарсан. Энэ газар дээр 41 давхар үйлчилгээний зориулалттай барилга босгох гэж байна” гэсэн.

Би зөвшөөрөөгүй. Нэгдүгээрт, энэ байр түүх соёлын дурсгалтай барилга. Хоёрдугаарт, 200 гаруй мянган гишүүнтэй Ардчилсан нам байргүй, ганц үлдсэн байр нь энэ гэдгийг хэлсэн. Жилийн дараа дахин ийм санал тавихад би зөвшөөрөөгүй. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Энэ барилга Д.Баясгалангийн эзэмшил хэвээрээ юм билээ.

Гэхдээ түүх соёлын дурсгалтай барилга, С.Зориг агсны хөшөөг шилжүүлэх асуудал ярьж байгаа бол Ардчилсан нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Өмнө нь ч хоёр удаа боломжгүй гэдэг хариулт өгсөн" гэжээ.