С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ж.Батсуурь: Нэрээ татах шийдвэртэй С.Эрдэнэ ямар ч хамаагүй
АН-ын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж байгаа Ж.Батсуурь мэдээлэл хийж, дотоод сунгаанаас албан ёсоор нэрээ татаж байгааг мэдэгдлээ.
Тэрээр “Сонгуулийн сурталчилгааны явцад буюу 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхээс АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг шинээр бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүссэнийг та бүгд мэдэж байгаа. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэр албажин гарах хүртэл АН-ын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчлэн бүртгэсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг АН-ын Дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч бидний саналыг хүлээж авсангүй. Иймд миний бие АН-ын дотоод сонгуулиас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. АН-ын шинэчлэл, ирээдүйн төлөө энэхүү шийдвэрийг гаргаж байна. АН шинэчлэгдэж, эв нэгдэлтэй байж 2024 оны сонгуульд заавал ялалт байгуулах ёстой. Энэ ялалтын төлөө энэ шийдвэрийг гаргаж байгааг хэлье.
Бидний хийж буй намын даргын сунгаа Улсын дээд шүүхийн 2017 онд баталсан дүрмийн дагуу явж байсан. Гэтэл Улсын дээд шүүх дүрмийн өөрчлөлтийг шинэчлэн бүртгэчихлээ. Юуг хэрхэн өөрчилж бүртгэсэн талаар мэдээлэл гар дээр ирэх хүртэл сунгааны санал хураалтыг хойшлуулъя гэдгээ Дотоод сонгуулийн хороонд хүргүүлсэн ч хэт нэг талыг барьж, таамгаар дотоод сонгуулийн санал хураалтыг хийх нь өөрөө учир дутагдалтай юм.
Энэ шийдвэрийг С.Эрдэнэтэй холбох ямар ч шаардлагагүй. Учир нь С.Эрдэнийн намаас намайг хөөсөн. АН-ыг үүсгэн байгуулснаас хойш 32 жилийн хугацаанд АН-ыг ийм байдалд хүргэсэн хүмүүс нэг удаа арагш араагаа татаж, дунд шатны мэдлэг боловсролтой залуусыг түрж гарган хэлэлцээрийн ширээнд суух замаар бүтэн Ардчилсан намыг бий болгох зорилтуудыг ярьж явсан. Үүнээсээ би ухрахгүй" гэжээ.