Э.Бат-Үүл: Зөвлөлтийн колониос Монгол Улсыг чөлөөлөхөд АН манлайлсан

Ардчилсан нам байгуулагдаж Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсний 32 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Улсын баатар Э.Бат-Үүл тэргүүтэй тус намын гишүүд мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Э.Бат-Үүл "АН-ын анхдугаар их хурлын төлөөлөгчиддөө мэндчилгээ дэвшүүлье. 1990 онд Монголын хоёр дахь нам болсон АН Монголын түүхэнд асар чухал үүрэг гүйцэтгэсэн. Зөвлөлтийн колониос Монгол Улсыг чөлөөлөхөд АН манлайлсан. 32 жилийн дараа дахин аюул үүслээ. Украины түрэмгийлэл бол ардчилалд зарласан дайн. Энэ үйл явдлын дараахан Оросын Элчин сайдын зүгээс АН-д хандсан мэдэгдэл нотолно. АН-ыг хоёр дахь Украин шиг үзсэн бүдүүлэг явдал болсон. Колончлолын сэтгэлгээг юу ч үгүй үлдэн хөөх ёстой. Бид 32 жилийн турш гудамжинд, Төрийн ордонд, шоронд ч ардчилалын төлөө тэмцэж ирлээ. Үйл хэргийнхээ төлөө газрын доороос ч тэмцэж чаддаг нам шүү гэж хэлье.

Энэ бол бидний өмнө сорилт байгааг хэлж байгаа юм. Путины түрэмгийллийн үеэр их зүйл харуулж байна. Тиймээс АН-ын баатрууддаа хандаж хэлэхэд хийх зүйл их байна. Монгол ухамсраас колоничлолын зүйлийг юу ч үгүй хөөн гаргах хэрэгтэй. Украин гэх жижиг орон руу том гүрэн эзлэн түрэмгийлж байгаа нь Монгол руу ч хэзээ нэгэн цагт аль нэг гүрэн түрэмгийлэх эрсдэлтэйг харуулж байна. Хэрэв дайн, эзлэн түрэмгийлэл гарвал Монголын эдийн засаг элгээрээ мөлхөнө" гэдгийг онцоллоо.

1989 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод болсон залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон уран бүтээлч залуу сэхээтнүүд тухайн үед нийгэмд хуримтлагдсан бэрхшээл, зөрчлийг илэн далангүй илчилж, эрх баригчдын алгуур, идэвхгүй ажлыг хурцаар шүүмжилсэн. Тус зөвлөлгөөнд оролцсон хэсэг залуус өөрчлөлт, шинэчлэл хийхэд тус дөхөм үзүүлэх зорилготой улс төрийн байгууллага үүсгэн тэрлэх болсноо мэдэгдэж, Монголын ардчилсан холбоог байгуулав. Ардчилсан холбоо 1990 оны 2 дугаар сарын 18-нд анхдугаар их хурлаа хийж, Монголын Ардчилсан Нам /МоАН/ байгуулах шийдвэр гаргав. Улмаар 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Улсын дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлжээ. Ийнхүү Ардчилсан нам байгуулагдсан нь ардчиллыг төлөвшүүлэх хийгээд олон намын тогтолцооны эх суурийг бүрдүүлсэн түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болсон юм.