С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Баярсайхан: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон шийтгэлийг хөнгөрүүлэх биш нэмэх ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулсан.
Тэрбээр одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчлийн тухай хуульд нийгмийн хор аюул бага буюу тэр даруйд залруулах боломжтой зөрчилд сануулах арга хэмжээ авахгүйгээр шууд торгох шийтгэлийг урьтал болгосон, торгох шийтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэрэгсэл тусгагдаагүй, зарим торгох шийтгэлийн хэмжээ бодит байдалтай нийцэхгүй, хэт өндөр, эсвэл хэт бага хэмжээгээр тогтоосон, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан байна. Иймд иргэдэд учирч буй эдийн засгийн дарамтыг багасгах, сэтгэл зүйн хувьд хариуцлагаа ухамсарлах боломжийг олгох, хуулийн зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрт тэгш, алагчлалгүй шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэсэн.
Хуулийн төсөлд сануулж болох зөрчлийн хэргүүдийг тусгасан байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдсэн нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалан шалган шийдвэрлэж ирсэн бөгөөд үүнээс нийт зөрчлийн 92.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчих, 3.3 хувь нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 0.3 хувь нь худалдаа үйлдвэр, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, 0.4 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 3.6 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж буй аж.
Төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцсон хүнийг 400 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нь нэг жилээр хасдаг заалтыг өөрчилж зөвхөн жолоо барих эрхийг нь нэг жил хасаад торгохоо болих заалт оруулсан байна. Яагаад шийтгэлийг нь бууруулж байгаа юм бэ? 2021 онд улсын хэмжээнд 22482 зам тээврийн осол гарсан байна. Ослын улмаас 383 хүн нас барж, 2475 хүн гэмтсэн байна. Нас барьсан хүмүүсийн 159 нь хүүхэд байна. Ийм байхад согтуугаар жолоо барьсан хүнд ногдуулах шийтгэлийг бууруулж оруулж ирж байгаад сэтгэд дундуур байна. БНСУ-д спиртийн хэмжээ 0.2 хувиас их байсан тохиолдолд 20 мянган ам.доллароор торгож, жолоо барих эрхийг нь тодорхойгүй хугацаагаар хасдаг. БНХАУ-д цусан дахь спиртийн хэмжээ нь 0.08 хувиас бага байх тохиолдолд 1000-2000 юанаар торгоод жолоодох эрхийг нь зургаан сараар хасдаг байна. Харин 0.08 хувиас их байсан тохиолдолд гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял өгч, жолоодох эрхийг нь таван жил, хүн нас барсан тохиолдолд бүх насаар нь хасдаг. Гэтэл манай улсад цусан дахь спиртийн хэмжээ нь 0.019 хувиас их байх тохиолдолд согтуугаар жолоо барьсан гэж үздэг. Манай улсад нэг сая 350 мянга орчим жолооч байгаагаас сүүлийн 10 жилд 375 мянга буюу нийт жолоочийн хувь (дөрвөн жолооч тутмын нэг) нь согтуугаар жолоо барьсан зөрчилд холбогдсон статистик байна. Тиймээс согтуугаар жолоо барьсан хүнд ногдуулах шийтгэлийг бууруулах бус харин ч нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэдгийг асуусан юм.
Хариуд нь төсөл санаачлагч Г.Ганболд "Согтуурлын хэмжээг тогтоох асуудал улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг. Манай улсад түгээмэл хэрэглэгддэг айраг зэрэгт согтуурлын зэрэг гардаг, гардаггүй гээд асуудал бий. Тээврийн хэрэгсэл жолоодоод амьдрал ахуйгаа авч явдаг хүний хувьд энэ заалт эдийн засгийн дарамт болдог. Тиймээс нэг зөрчил хоёр шийтгэл байх нь зохимжгүй гэж үзсэн юм. Нэг жилээр эрхээс хасуулаад нэмээд 400 мянган төгрөгөөр торгуулж байгаа. Үүнийг өөрчилж зөвхөн эрхээ хасуулдаг болно" гэжээ.