Д.Ганбат: Хямралыг улам гааруулж, даамжруулах магадлалтайг сануулъя

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан АН-ын бүлгийн санал дүгнэлтийг Д.Ганбат дарга танилцууллаа.

Тэрбээр "Валютын ханш нь улс орны эдийн засгийн суурь үзүүлэлт, төр засгийн хэрэгжүүлж буй бодлогын толь байдаг. Манай зах зээлд валют хомстсон нь өнгөрсөн хугацаанд экспортоо хийж чадаагүйтэй холбоотой. Энэ нь Монголын төр хийх ажлаа хийхгүй байгаагийн хангалттай жишээ юм.

Үүсээд буй нөхцөл байдалд бодит дүгнэлт өгч, шийдэл танилцуулахын оронд эрх баригчид дутуу боловсруулсан, түүхий хуулийг УИХ-д оруулж ирлээ. Энэ нийгэмд үүссэн нөхцөл байдлыг шийдэж буй мэт дүр эсгэх, хариуцлагаас зугтаж буй хэлбэр төдий юм.

Үнийн өсөлт нь эрх баригчдын дунд, урт хугацаанд хэрэгжүүлж буй бодлогын алдааны тусгал байдаг. Үнийн өсөлтөд гадаад нөхцөл байдал нөлөөлж байгаа ч дотоодын шалтгаан хамгийн жинтэй нөлөө үзүүлдэг. Эрх баригчдын УИХ-д өргөн барьсан бодлого, Засгийн газрын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа үнийн өсөлтийг өдөөж буй талаар АН-ын бүлгээс удаа дараа сануулсан.

“Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийн нэрнээс уншвал мах, гурилын нөөц бүрдүүлэх замаар үнийн өсөлт буулгана гэж ойлгогдоно. Монгол Улсын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг зөвхөн гурван бүтээгдэхүүнээр тооцдоггүй. Тус хуулийн зорилго, зорилт бүрхэг, хүрэх үр дүн нь тодорхойгүй, тооцоо судалгаагүй, санхүүжилтийн эх үүсвэр, хэмжээ нь тодорхойгүй, хариуцлага хяналтын механизмыг орхигдуулсан олон алдаа байна.

Хамгийн эхэнд тээврийн асуудалд анхаарах ёстой. Тээврийн гацаа, өндөр төлбөрийг бууруулж байж инфляцийг бууруулах боломж гарч ирнэ. Экспортод гардаг түүхйи эдийн урсгалыг нэн даруй сэргээх хэрэгтэй байна. Ингэдэл валютын урсгал нэмэгдэж, ханшийн асуудлыг шийдвэрлэж болно. муу хууль хямралыг улам гааруулж, даамжруулах магадлалтайг сануулъя. Яаруу сандруу түүхий хуулиар үүссэн нөхцөл байдлыг аргалж, хариуцлагаас зугтах бултах гэж оролдох шаардлагагүй" гэлээ.