Э.Бат-Үүл: Х.Баттулга Монголыг Беларусь шиг болгох гэж байна

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл дараах байр суурийг илэрхийлсэн юм. 

Тэрбээр "залуус жагслаа, гарч ирлээ. Ерөнхий сайд нь залуусын өмнө гарч ирж, уулзлаа. Монголын ардчилал ийм гайхалтай байна. Бид хоёр хөршдөө үлгэр жишээ боллоо. Намайг хоригдож байхад АН-ын даргын сунгаа болох гэж байгаа талаар дуулсан. Тэгээд Х.Баттулгад болихыг гэж зөвлөсөн. Гэвч миний зөвлөгөөг хүлээж авсангүй. Улс орон томоохон сорилттой тулгарах болоод байна. Сунгаа нэртэй зүйл явуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр Дээд шүүхэд нэрээ бүртгүүлэхээр өргөдөл өгсөн. Шүүх бол бүртгэлийн байгууллага гэж хачирхалтай үг хэллээ. Ерөнхийлөгч байсан хүн шүүхийн байгууллагыг бүртгэлийн төдий гэж анх удаа хэлсэн явдал болж байна. Дараагийн нэг асуудал бол ОХУ-ын Элчин сайд Монголын дотоод хэрэгт оролцож, АН руу дайрсан нь санамсаргүй хэрэг биш. Х.Баттулга бас зэрэгцээд нам руу дайрсан. Энэ хүн бол Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байна. Үүнийг би хэзээ ч зөвшөөрөхгүй. 1990 оны ардчилсан хувьсгалыг үгүй хийнэ гэж байвал санааны гарз гэж хэлье.

Түүний улс төрийн зорилго нь энэ. Тиймээс нийт АН-ын гишүүдэд хандаж, сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм. Одоо залуучууд өөрчлөлт хийнэ. Х.Баттулга бид хоёр чадахгүй" гэлээ.