С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Сайханбаяр: Тагнуулын мэргэжлийн боловсон хүчний залгамж халаа алдагдсан
УИХ-ын чуулганы хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэн баталлаа. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр "Долоон жилийн өмнө Жанжин штабын үндсэн бүтцэд Цэргийн тагнуулын газар ажиллаж байсан. Энэ бүтцийг Тагнуулын төв газар руу шилжүүлсэн гажуудлыг өнөөдөр заслаа. Зэвсэгт хүчний, цэргийн мэргэжлийн тагнуулын тогтолцоо алдагдсан. Тагнуулын мэргэжлийн боловсон хүчний залгамж халаа алдагдсан. Буруу шийдвэрийг засах зайлшгүй шаардлагатай. Зэвсэгт хүчин цэргийн удирдлагын дээд байгууллага атлаа долоон жилийн турш цэргийн тагнуулгүй байна гэдэг нь нүдгүй, чихгүй болсонтой адил. Хуулийг баталснаар Цэргийн тагнуулын албыг дахин байгуулна. Тагнуулын мэргэжлийн албан тушаалтнууд бүх анги, нэгтгэлд томилно. Тэд ҮАБЗ, төр засгийн удирдлагуудыг олон улсын цэрэг, улс төрийн нэн шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй.
Долоон жилийн турш цэргийн тагнуулуудаа өөр анги нэгж рүү шилжүүлэх зэрэг арга хэмжээ авсан ч хүний нөөцийн бодлого алдагдсан. Богино хугацаанд энэ алдааг залруулах арга хэмжээ авна. ТЕГ-ын бүтцэд байгаа Цэргийн тагнуулын алба тоног төхөөрөмж, хүн хүчтэйгээ Жанжин штабт шилжиж ирнэ.
Манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ямар нэг хохирол учирсан бол бид цэргийн тагнуулгүй байсныхаа горыг амсах байлаа. Энэ төрлийн тагнуулууд бүс нутаг, олон улсын цэрэг улс төрийн мэдээллийг олж авах, үнэлэлт дүгнэлт хийдэг. Гэтэл төрийн өндөрлөгүүдийг нэн шаардлагатай мэдээлээр хангах тогтолцоо алдагдсан" гэсэн юм.