Т.Доржханд: Ерөнхийлөгчийг Их тэнгэрт түгжиж, тэнд нь ажлыг хийлгэдэг байя

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцсэн тухай мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас тогтоолын төслийг ирэх долоо хоногт оруулж ирэх эсэх нь цаг хугацааны асуудал юм. Ерөнхий сайдын зүгээс бүх шатанд хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар тодорхой арга хэмжээг авч эхэлсэн ч УИХ-ын гишүүдийн зүгээс өөр саналыг хэлж буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд "Төсвийг тэлэх биш хэмнэлтэй бодлого явуулах ёстой. Бид 2.4 их наядын төсвийн алдагдалтай. Үүнийг балансжуул гэж байгаа юм. Төсвийг алдагдалгүй батлаад тодотголоо оруулаад ирэх хэрэгтэй. Ингэж байж бодит өөрчлөлт болно. Ерөнхийлөгчийг Их тэнгэрт нь  түгжиж, тэнд нь ажлыг хийлгэдэг байя. Засгийн газар нь хотоосоо гарч, УИХ нь Төрийн ордонд байя. Үнэтэй байшингаа бүгдийг нь зарчих. Хэмнэлтийг дээрээсээ эхэлж олон зөвлөхүүдээ хязгаарлая. Дэд сайдуудыг цомхтгох хэрэгтэй. Магадгүй бага зардалтай юм шиг боловч хандлагын том өөрчлөлт шүү дээ. Урсгал зардлыг тана, үр ашиггүй байгаа төрийн өмчит компаниудыг татан буулгах ёстой.  Зоримог ажил хийж байж үр дүн гарна" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.