Д.Ганбат: ОХУ-ын Элчин сайдын мэдээллийг хэлэлцлээ

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Бүлгийн дарга Д.Ганбат "Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэр оновчтой тухай болон ОХУ-ын Элчин сайдын мэдээллийг хэлэлцлээ. Монгол Улсад Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдлын үед ОХУ-ын нэр хүндтэй албаны хүн  Монголд био лаборатори байгуулсан талаар удаа дараа мэдээлэл түгээсэнд ГХЯ өчигдөр мэдэгдэл гаргасан байсан. Үүнээс гадна хөндлөнгийн экспертүүдийг яаралтай урьж, үнэхээр байгаа эсэхийг нягталж, дүгнэлт гаргуулан найрсаг харилцаатай хөршдөө мэдэгдэх хэрэгтэй. Үүнийг зохих байгууллагууд нь яаралтай нягталж шийдвэрлэх хэрэгтэй байна.

Хуулиар үнийг тогтворжуулах ажлыг анх удаа Монгол Улсад хийх гэж оролдож байна. Оролдлогууд нь зөв ч арга нь буруу байгаа юм. Засгийн газраас татвар багасгах шийдвэрийг өргөн хүрээнд гаргах ёстой гэсэн саналтай байна. НДШ-ийн 50 хувийг буцаан олгох саналыг дэмжиж байгаа. 

Засгийн газар ажил олгогч, хувийн хэвшлийг дэмжсэн арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байна. Хоёр хөршөөс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн оронтой ойлголцох хэрэгтэй байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр санаачилгатай ажиллаж, зээл тусламжийг зөв зарцуулж, УИХ, ард түмэнд тайлагнах шаардлагатай. Халамж хавтгайрсан бөгөөд эзэндээ очихгүй байна. Үүнийг зохицуулах хэрэгтэй. 

Төрийн албан хаагчдын орон тоо ихэдсэн. Ямар ч хэрэггүй олон албан тушаалыг арилгаж, шаардлагагүй сумдыг нэгтгэмээр байна. Энэ бүхнийг оруулсан зөвлөмжийг удахгүй бид Засгийн газарт хүргүүлнэ. 

Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороог байгуулахдаа хууль зөрчсөн. Тухайлбал гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн бүлгийн төлөөлөл байна гэдэг үндэслэлийг хангаагүй. Бүлгийн саналыг аваагүй шийдвэрлэсэн тул Хөгжлийн банкны асуудлыг шийдэх түр хороо хууль бус" гэв.