С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Стратегийн нөөц бүрдүүлэх 100 тэрбумыг сайдын багцад тусгажээ
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы мэдээллээс хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилтыг дэвшүүлж Атрын IV аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр шийдвэрлүүлэн ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцлоод энэ онд 386.0 мянган га-д үр тариа, үүнээс 363.0 мянган га-д улаанбуудай, 70.0 мянган га-д малын тэжээл, 66.0 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12.0 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 560.0 мянган га–д тариалалт хийж, 340.0 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байгааг дурдав.
Мөн тэрбээр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн салбарт нийтдээ 190.0 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна. 2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, зохих стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 45.3 мянган тонн хүнсний буудайг худалдан авч нөөц бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд уг буудайг хүлээн авах ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар 1800 тонн буудай хүлээн аваад байгааг тодотгосон.
Түүнчлэн Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаар тогтоолоор хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, эхний ээлжинд ил талбайн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор зах зээлд борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох, тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр импортоор болон дотоодоос худалдан авч буй төмс, хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх, өвлийн улиралд хүлэмжийн аж ахуйд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хугацаа, цагийн хамааралтайгаар 1 м талбайд 0768 квт/цагаар хөнгөлөх шийдвэрийг тус тус гаргуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна гэв.
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, хангамжийг тогтворжуулах” иж бүрэн төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд шаардагдах үр, суулгац, техник тоног төхөөрөмж, хүлэмж, усалгаатай талбайн хэмжээ, зоорь агуулах, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг нийт орцуудын зардлын тооцоо, судалгааг гаргаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад газар тариалангийн салбарт улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн санхүүжилтээр явагдах худалдан авах болон сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа хугацаандаа хэвийн үргэлжилж байгаа хэдий боловч давагдашгүй нөхцөл байдлын улмаас хүндрэл үүсч болзошгүй байгааг анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг онцлов.
Цаашид анхаарах шаардлагатай тулгамдсан асуудлуудын талаар:
-Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд импортоор нийлүүлэгдэх үр тариа, тос, тэжээлийн болон хүнсний ногооны үр, эрдэс бордоо, ургамал хамгааллын бодисыг технологийн хугацаанд буюу 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 05-ны дотор, техник тоног төхөөрөмжийг 5-6 дугаар саруудад багтаан хилийн боомтуудаар нэвтрүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,
-Стратегийн таримал болох улаанбуудайн тариалалт, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор тухайн жилийн ургацаас хэрэгцээт улаанбуудайн 30 хүртэл хувь буюу 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч стратегийн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ХХААХҮ-ийн Сайдын багцад тусгаж, улмаар сан бүрдүүлж жил бүрийн ургацаас хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх,
-Дилер аж ахуйн нэгжүүд, арилжааны банкуудын идэвхитэй оролцоо, санаачлагад тулгуурлан төрөөс урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах, хүүгийн төлбөрийн зөрүүг төлөх зэрэг санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж, хувийн өмчийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар газар тариалангийн техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж байлаа.
Мөн тэрбээр, хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн ажил арга хэмжээнүүд технологийн хугацаанд явагдаж байгаа хэдий ч импортын орцуудын хувьд давагдашгүй нөхцөл байдлын улмаас хүндрэл үүсч болзошгүй байгааг анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг дурджээ.