С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ц.Мөнх-Оргил: Прокурорын санал гишүүдийн гэм буруутайг нь тогтоосон зүйл биш
Улсын ерөнхий прокуророос Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналыг УИХ-д хүргүүлсэн. Энэ дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргажээ. Ингэхдээ Дэд хорооны гишүүдийн нууц санал хураалтын дүнгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан байна.
Энэ талаар Дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил "Прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь гэм буруутайг нь тогтоосон зүйл биш. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Цаашаа үргэлжлүүлэх хэрэгтэй тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөөч гэж байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөн байцаагч бие дааж 13, прокурорын зөвшөөрөлтэй 18 буюу нийлээд 31 төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Үүнээс дөрвөн төрөл нь УИХ-ын гишүүнд үйлчилдэггүй. Бусад 27 аргаар УИХ-ын гишүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно. Албадан саатуулах, цагдан хорих, шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулдаггүй, гэр, бие, машин, албан тасалгаанд нь нэгжлэг хийдэггүй. Энэ дөрвийг хэрэглэе гэдэг хүсэлтийг прокурор тавьж байгаа гэсэн үг. Хуулиар хориглож буй дөрвөн аргыг хэрэглэх шаардлагатай юу үгүй гэдгийг бид дэнсэлж байгаа" гэжээ.