С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Ах нам”-ын гишүүдийн хувь заяа ахин Н.Энхболдын гарт ирлээ
Энэ парламентад Халдашгүй байдлын дэд хороо гэж бий. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаарх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гаргаж, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэгтэй. Үүгээрээ хууль тогтоох дээд байгууллагын хамгийн том статустай Дэд хороо нь. Басчхүү босго өндөртэй. Дарга нь Н.Энхболд, бүрэлдэхүүнд нь С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарын гишүүн. Эдгээр гишүүн УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон гэсэн шалгуураар Дэд хороонд багтдаг. Лав 2016-2020 парламентын үед Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин гэсэн таван гишүүн энэ хороог бүрдүүлж байлаа.
Чухамдаа үүнийг зориуд онцлоод байгаа нь учиртай. Шалтгаан нь мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, жирийн иргэдэд очих ёстой ЖДҮ-ийн гурван хувийн хүүтэй зээлийг өөрийн хамаарал бүхий компани, хуулийн этгээдэд олгуулсан асуудал өмнөх парламентын үед шуугиан дэгдээж хэд хэдэн албан тушаалтны нүүрийг улалзуулж байв. Тэгэхэд УИХ-ын гишүүнээр ажиллаж асан Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа нарын дөрвөн хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос оруулсан ч Халдашгүй байдлын дэд хороо “шаардлагагүй” гэсэн дүгнэлтийг гаргаж байлаа. Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокурорын оруулсан санал Хэрэг эрхлэх газрын дарга асан Ц.Нямдорж даргатай, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй Халдашгүй байдлын дэд хорооны босго давж чадалгүй унасан нь энэ.
Нэгэнт дэмжлэг хүлээж чадалгүй унасан саналын хувь заяа Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд биеллээ олохгүй нь ойлгомжтой. ЖДҮ-д нэр холбогдсон Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа нар ч УИХ-ын гишүүний халдашгүй ямбатайгаа үлдэж, бүрэн эрхээ дуусгавар болгосон түүхтэй. Хожим Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа нарт шүүхээс ял оноож, зохих шийтгэлийг ногдуулсан. Үүнтэй агаар нэг буюу 2020 оны сонгуулийн дүнгээр бүрдсэн парламентын бүрэн эрхийн албан ёсоор хугацаа дуусгавар болоход жил гаруйн хугацаа үлдсэн энэ цаг үед нэг биш нэгжээд УИХ-ын гишүүнд холбогдох хэрэг хуулийн байгууллага гороолсоор, түрүүчээсээ боогдож, шүүхэд шилжүүлсэн байдалтайгаар хаврын ээлжит чуулгантай золголоо.
Одоогоос яг жилийн өмнө Хөгжлийн банканд холбогдох хэргээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д оруулж ирж байв. Гэвч Н.Энхболд даргатай Дэд хорооны бүрэлдэхүүн прокурорын саналыг дэмжих шаардлагагүй гэж үзсэн юм. Асуудал ч тэгсхийгээд замхарсан. Харин өнөөдөр эдгээр дөрвөн гишүүн тэргүүтэй 80 хүнд хамаарах Хөгжлийн банкны шүүх хурлыг ирэх сарын 17-нд товлож, тэдэнд хилийн хориг тавилаа.
Үргэлжлүүлээд нүүрсний хэрэгт холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлж буйгаа АТГ-аас мэдэгдэв. Уг асуудлыг прокурор хүлээж аваад саналаа УИХ-д оруулж ирсэн тохиолдолд Халдашгүй байдлын дэд хороо тав хоногт багтаан хуралдаж санал, дүгнэлтээ гаргах үүрэгтэй.
Үндсэндээ хоёр ч парламент дамжин УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбогдох асуудлыг дэнсэлж, тухай бүрдээ “шаардлагагүй” гэсэн шийдвэрийг гаргахад оролцож ирсэн Н.Энхболд энэ удаад хэрхэх бол? Өмнөх шигээ, өнгөрсөн жилийн өдийд хэлсэн байр сууриас “дэмжих шаардлагагүй” гэсэн хариултаар мэлзэж, бултаад өнгөрөх үү? эсвэл хуулийн байгууллагад дэмжлэг үзүүлж, ажлыг нь хөнгөвчлөх үү? гэдэг нь сонирхолтой. Хаврын ээлжит чуулган авлигын эсрэг чуулган байх болно хэмээсэн УИХ-ын даргын хэлсэн нь үнэн л юм бол Засгийн газрынхаа, Ерөнхий сайдынхаа эхлүүлсэн тэмцлийг дэмжих л ёстой.
Хууль тогтоогч ч хууль дуудсан цагт гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очдог байх хэрэгтэй, зүй нь тэр. Хэн нэгнийгээ хаацайлж, халдашгүй эрх ямба нэрийн дор хамгаалах нь нийгмийн уур амьсгалыг улам л өрдөнө гэдгийг 2000 оноос хойш тасралтгүй зургаан удаа сонгогдож, 23 дахь жилээ хууль тогтоогчоор ажиллаж буй Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд сайн мэдэх учиртай. Хүссэн ч, эс хүссэн ч “Ах нам”-ын гишүүдийн хувь заяа ахин Н.Энхболдын гарт ирлээ.
Ташрамд дурдахад Үндсэн хуульд зааснаар “...Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна...” гэжээ.
С.Гандөл