"ТОП-100"-гаас Төр татгалзсан хоёр шалтгаан

Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран дотоодын шилдэг "ТОП-100" аж ахуйн нэгжийг 22 дахь жилдээ тодруулж, өргөмжлөв. Сонирхолтой нь, энэ удаагийн шалгаруулалтад Төрийн өмчийн оролцоотой толгой компанийн төлөөлөл багтсангүй. Гэдэг нь зөвхөн хувийн хэвшилд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдээс эрэмбэлж, ажлын үзүүлэлт, төсөвт төвлөрүүлсэн татварынх нь хэмжээгээр жагсаажээ. Зайлшгүй хувь эзэмших учиртай стратегийн төсөл, хөтөлбөрт Төрийн оролцоо тодорхой түвшинд байхаас үндэсний компаниуд нь өрсөлдөөний зарчмаар үйл ажиллагаа явуулах нь чөлөөт зах зээлийн онцлог, амин судас нь.

Ачир дээрээ хувийн хэвшлээ дэмжинэ гэчихээд ар хударгаар нь Төр өөрөө ресторан, амралт, сувиллын газар ашиглаж, хувцас оёж болохгүй. Газар тариалан эрхэлж, талх барих нь утгагүй. Том бодлогоо зангидаж, түүгээр нь хувийн хэвшил нь урагшилж, хөгжих учиртай. Урт хугацаандаа уул уурхайн олборлолт, Төрийн эзэмшлийн банк, онгоцны нислэгийн менежментийг дэлхийн түвшинд нийцүүлж, үндэсний болон олон улсын мэргэжлийн багт хариуцуулах нь зүйн хэрэг, чөлөөт зах зээлийн зарчим.

Ямар ч байсан энэ онд багтааж уул уурхай, банк, авиа компанийн менежментэд хувийнхны оролцоог хангахаа мэдэгдсэн Ерөнхий сайдын амлалт зүгээр ч нэг сэтгэлийн хөөрлөөр өгсөн амлалт биш байх болов уу. Эсрэгээрээ Төрийн өндөр албан тушаалтан хувь эзэмшлийн компаниар төсвийн тендерт нөлөөлж оролцдог байдлыг хязгаарлаж, хориглох агуулгаар өргөн барьж, парламентаар хэлэлцүүлж эхэлсэн хуулиа "амь оруулах" гэсэн Засгийн тэргүүний ээлжит нүүдэл. Үндсэндээ тендерээс эхлээд Тусгай сангийн зээл тэргүүтэй төсөл Төрд, тэнд ажилладаг албан тушаалтнуудад биш тэрхүү орон зай бүхий дэвжээнд хувийн хэвшлийнхэн өрсөлдөх нь.

1.

Хэрвээ өмнөх 21 жилийн дүр зургаар энэ удаагийн "ТОП-100"-д Төрийн өмчит компаниудыг оролцуулж, шалгаруулсан бол өнөөх байдаг л хэдэн аж ахуйн нэгжийн дарга төвтэй хэвлэлийн мэдээлэл дунд олон нийт "бялхаж, бялуурч" бас залхах байлаа. Угаас уул уурхай эрхэлж, нүүрс, зэс олборлодог Төрийн өмчит компанитай талх барьдаг хувийн хэвшлийг харьцуулж өргөмжлөх нь өрөөсгөл. Ялгаатай нь, ийм дүр зургаасаа Засгийн газар татгалзлаа. Экспортын салбарыг уул уурхайн салбараас тусад нь ангилж, шилдэг старт-апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, шинэ инновац, ноу-хау нэвтрүүлсэн байдал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэргээр шалгаруулсан нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг хандлагаас татгалзаж буй том мессежийг өгөв. Өчигдрөө дүгнэхгүйгээр өнөөдрийг тодорхойлж, маргааш руу алхахгүй.

Шинжлэх ухааны дэвшилтэд технологи, инновац, ноу-хау нэвтрүүлсэн компанийг Монгол Улсын "ТОП-100" аж ахуйн нэгжийн тоонд багтааж эхэлсэн нь өөрөө гарааны бизнес эрхлэгч залуу үеийн төлөөлөлд том урам. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг. Статистик тоон мэдээллээс харахад 2022 оны "ТОП-100" аж ахуйн нэгжүүд Монгол Улсын ДНБ-ний 74, нийт татварын 30, ажлын байрны 6.1 хувийг бүрдүүлж эхэлсэн нь эдийн өсөлтийн гол үзүүлэлт болжээ.

2021 онд 43.5 их наяд байсан ДНБ-ний хэмжээ өдгөө 52.8 их наядыг давсан гэж тооцвол түүний 74 хувьтэй тэнцэж байгаа нь үлэмж үзүүлэлт. Үүнийг 100 магадгүй 200 хувь руу хүргэхийн тулд Төр нь цомхон чадварлаг бүтэц рүү шилжиж, хувийн хэвшил нь чадамжтай, зөвхөн дотооддоо биш гадагшаа гарч өрсөлдөх хэмжээний компанийн засаглалыг бүрдүүлэх нь Монголд л хэрэгтэй. Тэгэхийн тулд Төр нь нүүрс ухдаг, агаарын тээвэр эзэмшиж бусадтайгаа өрсөлддөг, банк ажиллуулж зээл олгодог болхи байдлаа засах, менежментийн багт хариуцуулах замаар хувийн хэвшлээ дэмжих нь цаг хугацааны л асуудал болох нь.

2.

Төр тендерээс, хөнгөлттэй зээл, хөтөлбөрөөс, бусдын боломжийн урдуур ордог, байх ёстой мэт байдлаасаа татгалзана гэдэг том дэвшил, мөн үсрэлт. Анхнаасаа ингэж яваагүй, ийм алхам хийгээгүй, тэгэхийг ч хүсээгүйгээс өнгөрсөн 30 жилийн хугацаанд Төр өөрөө хамгийн том хулгайчдын орогнодог бүтэц болтлоо данхайж, тэнд ажилладаг хэдэн дарга нарын саалийн үнээ болсноос бусдаар дэвшил гарсангүй. Өнөөдөр хаана хамгийн их хулгай хаана байна, Төрд л байна. Түүнийг төлөөлдөг УИХ-ын гишүүн, сайд, дарга нарын хамаарал бүхий компаниуд л толгой цохиж явна. Байх ёстой хандлага, мөрдөх учиртай хууль мэт энэхүү хандлагаас салахгүйгээр хэчнээн улс хөгжил яриад, урт хугацааны бодлого гаргаад нэмэргүй.

Төрөөс зарласан концесс нь сайдын компанийн хэтэвч рүү ордог, тендерийн шалгаруулалтын араас хэн нэгэн даргын нэр зоолттой гараад ирдэг, Тусгай сангаар дамжуулсан хөнгөлттэй зээл бүрд УИХ-ын гишүүд нь ямар нэгэн сэжмээр холбоо хамааралтай болсон үзэгдлийг Монголын нийгэм гайхаж, халаглаж хүлээж авах биш харин ч хатуу хариуцлага тооцохыг нэхэж, сануулж эхэлсэн нь өөрөө зүй ёсны шаардлага. Эцсийн дүндээ ачааны хүнд нь ард түмний, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр буудаг болохоор.

Гагцхүү Төр нь ТҮЦ ажиллуулах хүртлээ жижгэрч, авлигын эх уурхай болсон системийн гажигийг засах нэн тэргүүний арга зам нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай буюу "Урт нэртэй" хуулийн өөрчлөлт байх нь. Хуулийн үндсэн агуулга хоёрхон сонголттой. Тэр нь нэг бол улс төрөө сонгох, эсвэл бизнесээ хариуцаад явах. Хуулийн үйлчлэл улстөрч, түүн рүү орох гэж яваа хүмүүс төдийгүй УИХ-ын гишүүд, сайд, дарга нарт бүгдэд хамаатай учраас аль нэгийг нь сонгохоос өөр аргагүй. Хэн ч хууль зөрчиж, бусдадаа адлагдахыг хүсэхгүй нь тодорхой. Улс төр, бизнесийн талаасаа хэн хэндээ халтай тусах болохоор эцсийн сонголтоо хийж, түүгээрээ цааш явах хэрэг. Ямартай ч гүйцэтгэх засаглалын тэргүүн нь "Урт нэртэй" хуулийн өөрчлөлтийг батлуулахын төлөө улс төрийн манлайлал үзүүлж буйгаас төслийг хаврын чуулганы хугацаанд багтааж баталж, энэ оноос хүчин төгөлдөр мөрдүүлэх нь тодорхой харагдаж байна. Түүнийхээ эхлэл болгож 22 дахь удаагийн "ТОП-100" шалгаруулалтад Төрийн өмчит компаниудыг оролцуулаагүй байж мэднэ. Одоо "Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй" хэмээх Ерөнхий сайдын үг хэзээ, хэрхэн бодит биеллээ олж, үр өгөөжөө өгөхийг харах л үлдлээ.

Г.Эрхэс