С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Тэмүүлэн: Зөвхөн таван асуудалд төвлөрч төсвийн тодотголыг хийлээ
Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлаар баталсан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцууллаа. Тэрбээр ярианыхаа эхэнд “одоогийн байдлаар инфляцын түвшин 11,3 хувьтай байгаагаас гадна өнгөрсөн 20 гаруй сарын хугацаанд инфляцын түвшин 10-аас дээш хувьтай байснаас иргэдийн бодит орлого 5,9 хувиар буурсан. Тиймээс энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд зөвхөн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, айл өрхийн орлогыг дэмжсэн тодотгол хийе гэсэн зорилт дэвшүүлсэн. Улсын Их Хурал, Засгийн газраас хэд хэдэн судалгааг хийсний үндсэн дээр төсвийн тодотголыг өргөн барьж, Улсын Их Хурлаар баталлаа. Төсвийн тодотголоор бүх асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Зөвхөн таван асуудал дээр төвлөрч төсвийн тодотголыг хийлээ” гэж онцлов. Тодруулбал цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэвэр болон нийслэлийн түгжрэлтэй холбоотой таван асуудал дээр төвлөрч ажилласан гэлээ.
Түүнчлэн Төсвийн тодотголын хүрээнд олон жил яригдсан ч төрийн албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой асуудал, нийгмийн хамгаалалд буюу тэтгэврийн шинэчлэл нь онцлох гол асуудлууд хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тодотголоо.
Тухайлбал, төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог өөрчилсөн. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 30 гаруй хуулиар цалингийн зохицуулалтуудыг хийж ирснийг өөрчлөх шаардлагатай болсон. Төрийн албан хаагчдын нэмэгдэл 104 хуулиар зохицуулагдаж байгааг цаашдаа зөвхөн Төрийн албаны тухай хуулиар шийдвэрлэдэг байх, нэгдсэн нэг бодлоготой байх зохицуулалт төсвийн тодотголын хүрээнд хийгдсэн гэж танилцуулав. Үргэлжлүүлэн цаашдаа цалин болон тэтгэвэр инфляцын түвшинтэй уялдаад нэмэгддэг байх суурь шинэчлэл хийгдэж байна. Монгол Улсад 225 мянган төрийн албан хаагч байгаагийн 217 мянган төрийн албан хаагч нь цалингийн нэмэгдлийн хүрээнд хамрагдах болно гэв. Түүнчлэн Төсвийн тодотголыг дагаж 7 хууль, 2 тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан талаар танилцууллаа.