С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Амарсайхан: Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн 60 гаруй хувь нь БНХАУ-тай хийж буй худалдаа
ӨMӨ3О-ы Хөх хотод 2023 оны 09-р сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулж буй Монгол-Хятадын худалдааны дөрөвдүгээр экспо өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны орлогч дарга Хө Вэй, БНХАУ-ын Худалдааны дэд сайд Ли Фэй, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Тэргүүлэгч Ван Ли Шя болон бусад төлөөлөгчид оролцож, үзэсгэлэн худалдаанд амжилт хүсэж, баяр хүргэлээ.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс, БНХАУ хоорондын худалдааны эргэлт 2022 онд 13,6 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн 60 гаруй хувь нь БНХАУ-тай хийж буй худалдаа байна. Манай улсын уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийт экспортын 90 орчим хувийг БНХАУ эзэлдэг. Энэ нь БНХАУ манай худалдаа, эдийн засгийн тэргүүлэх түнш, томхон хөрөнгө оруулагчдын нэг гэдгийг илтгэн харуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс цаашид БНХАУ-тай хийж буй худалдааг улам нэмэгдүүлэхийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өргөжүүлж, бүтцийг сайжруулан уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ, нэр төрлийг өргөтгөхийг зорьж байна. Түүнчлэн, хөрөнгө оруулалтын бүтэц, чанарыг сайжруулах, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлэх, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг илүүтэй дэмжин ажиллах болно. Хөгжлийн бодлогоо бүс нутаг болон олон улсын хөгжлийн зорилтуудтай уялдуулан өөрсдийн хувь нэмрийг оруулахад Монгол-Хятадын 4 дэх удаагийн энэхүү Экспо үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Хоёр орны зочид, төлөөлөгчид Та бүхэн аж үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн чадавхын ололт амжилт, тэргүүний технологиос харилцан санаа авч, туршлага солилцон шинэ гэрээ хэлэлцээр байгуулж, бизнесийн салбараа өргөтгөнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Энэ үеэр Хятад улсын умардад нээлттай эдийн засаг худалдааны уулзалт хэлэлцүүлэг, хурал форум, үзэсгэлэн яармаг,
хүмүүнлэгийн солилцоо, Монгол Улс, ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаар зэрэг бусад улс орон, бус нутаг болон Хятадын холбогдох муж, хотуудаас эдийн засаг, худалдааг ахиулах арга хэмжээ зэрэг таван томоохон агуулгын хүрээнд зохион байгуулагдах юм.