С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Тэмүүлэн: 2030 он хүртэл татварын хөнгөлөлтийг түрээслүүлэгчид олгохоор боловсруулсан
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт нийт 21 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын долоон төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ. Хууль санаачлагч эдгээр хуулийн болон тогтоолын төслийг танилцуулсны дараа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн илтгэлээ.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагчаас орон нутагт уул уурхайн үйл ажиллагааг дэмжих, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг үр ашигтай болгох, тухайн жилийн батлагдсан төсвийн санхүүжилтийг дараагийн төсвийн жилд зарцуулах эрх мэдлийг боловсролын салбар болон цаашид “гүйцэтгэлд суурилсан санхүүжилт”-ийн зарчмаар ажиллах төрийн бусад байгууллагуудад хамааруулах, Улаанбаатар хотоос бусад орон нутагт ажиллах төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан бол хугацаанаас нь өмнө шатлан дэвшүүлэх, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах үүднээс Төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувийг Ирээдүйн өв санд төвлөрүүлэх заалтыг 2024 онд 20 хувь, 2025 онд 40 хувь, 2026 оноос эхлэн 65 хувьд хүргэх, хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих төсвийн бодлогын хүрээнд гаалийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хөдөө орон нутагт ажиллах төрийн албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах зорилгоор аймгийн төвийн сумаас бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа гаалийн албан хаагчдад таван жил тутамд нэг удаа 12 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох, малчдын татварын орчныг энгийн, ойлгомжтой болгох, дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд тулгараад буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, орон нутгийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд татварын бодлогын дэмжлэг үзүүлж орон нутаг дахь түрээсийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж 2030 он хүртэл татварын хөнгөлөлтийг түрээслүүлэгчид олгох, малчин, мал бүхий этгээдийн татварын орчныг хялбаршуулах, энгийн ойлгомжтой болгох зорилгоор малчин, мал бүхий этгээд малын тоо толгойн албан татварын тайлан гаргах шаардлагыг үгүй болгож, татварын хуулийг хэрэгжүүлэх, Засгийн газрын шийдвэрээр техник, эдийн засгийн үндэслэл бүхий үйлдвэрүүдийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэлх хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, гаалийн албан татвараас чөлөөлөн дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын шийдвэр, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээний дагуу урт хугацаагаар уул уурхайн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах зохицуулалт нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуульд хамаарахгүй байхаар, Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий урт хугацааны төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах бараа, ажил, үйлчилгээг 10 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулан худалдан авах тендер шалгаруулалт хийх эрхийг хуульчлах, газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалтын асуудлыг хамтад нь шийдвэрлэх, цахим гарын үсэг бүхий QR код буюу лавлагаа авах холбоостой зөвшөөрлийн гэрчилгээг олгох, Засгийн газарт автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварт зохицуулалт эрх олгох хугацааг 2026 он хүртэл сунгах, санхүүжилтийг түргэн, шуурхай шийдвэрлэх, төлбөрийг цаг алдалгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар дэмжлэг үзүүлэх зэрэг зорилгын хүрээнд хууль, тогтоолын төслүүдийг боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан прокурор, шүүхийн албан хаагчдын цалинг нэмэх боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд төрийн худалдан авах ажиллагааны үйл ажиллагаанд тавигдаж байгаа хяналт шалгалтын талаар болон цар тахлын үед түр түдгэлзүүлсэн зарим хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэхгүй байгаа бодит шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар улсын хөрөнгө оруулалтыг бодитой төлөвлөж байгаа эсэх талаар тус тус төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан болно. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгжилтийн хугацааг сунгасан нь зөв эсэх талаар, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 18.1.10 дахь заалтын томьёоллыг хэлэлцүүлгийн явцад нухацтай авч үзэх, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь тэгш байх зарчмыг оновчтой тодорхойлсон эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуульд хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хөрөнгө оруулалтын зардалд дахин магадлал хийсэн төсөвт өртгийн нэмэгдлийг хэлэлцүүлгийн шатанд анхаарах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь Газрын тухай хуульд оруулж буй өөрчлөлт нь Засгийн газрын баримталж байгаа төвлөрлийг сааруулах, орон нутгийг дэмжих үйл ажиллагаатай зөрчилдөж, орон нутгийн эрх мэдлийн хумих эрсдэлтэй байгааг анхаарах нь зүйтэй гэсэн саналыг тус тус хэлсэн болно.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэв.