С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Жавхлан: Үүнийг хэн ч халамж гэж хэлэхгүй
Монгол Улсын 2024 оны төсвийг УИХ-аар баталсантай холбогдуулж, Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгдүгээрт, УИХ-ын Төсвийн ажлын хэсэг төсвийн орлогыг 590 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн орлогоороо төсвийн тэнцлийг сайжруулсан. УИХ-ын үндсэн гол үүрэг бол Улсын төсвийн тэнцлийг сайжруулж, алдагдлыг багасгах үүрэгтэй. Үүний дагуу 600 орчим тэрбум төгрөгөөр төсвийн тэнцлийг сайжруулж, төсвийн алдагдал ДНБ-ийг хасах 2.8 хувьтай тэнцэж ирснийг хасах 2 хувь болгосон. Тоон дүнгээр авч үзвэл хоёр их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай байсныг 1.5 их наяд төгрөг болгож бууруулсан.
Хоёрдугаарт, Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцаас 1.88 хувиар жигд хасч, төсвийн зарлагыг 320 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан.
Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн. Сангийн яам аудитын дүгнэлт гаргасан объектуудыг есдүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгож төсөв өргөн барьсан. Үүнээс хойш дүгнэлт гарсан 110 компани байсан. Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалт, хөрөнгийн зардал тодорхой хэмжээнд нэмэгдсэн.
Нийгмийн хамгааллын чиглэлд ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг шийдвэрлэсэн. Тэтгэврийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. Бага тэтгэвэр авагчид инфляцид хамгийн их өртдөг. Иймд, жигд тоогоор буюу 100 мянган төгрөгөөр нэмэх нь зүйтэй гэж УИХ үзэж төсөв баталсан. Тэтгэврийн эх үүсвэрт шаардлагатай 140 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байгаа. Төсөв дагасан 21 хууль 8 тогтоолыг баталсан” гэв.
Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар хуулийн хугацаанд Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн хуулийг өргөн барьж, өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталлаа.
Ирэх 2024 оны төсвийн онцлог нь цалин, тэтгэврийн нэмэгдлийг бүтэн жилээр нь баталгаажуулж төсөвт тусгаж байгаа гол суурь зардал байгаа юм. Энэ зардал нийтдээ 3.4 их наяд төгрөг байна. Үүнийг хэн ч халамж гэж хэлэхгүй гэж бодож байгаа. Ирэх жилийн төсвийг 4.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэж байгаа ч зардлын 70 хувь нь буюу 3.4 их наяд төгрөг нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл байгаа" гэсэн юм.