С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Цэнгэл: Төрийн банкны 20 хүртэл хувийг хувьчилна
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2023 оны 03, 04 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо. Тус Байнгын хорооны 03 дугаар тогтоолд төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдах, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, ил тод байдлыг ханган үр ашиг, засаглалыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг тусгасан бол 04 дүгээр тогтоолоор газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн юм.
Байнгын хорооны хуралдаанд 03 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтын хэрэгжилтийн талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, 3, 4 дүгээр заалтын хэрэгжилтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр танилцууллаа. Тогтоолын 3, 4 дүгээр заалтаар уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах ажлыг эрчимжүүлэх, холбогдох журам, дүрмийг баталж хэрэгжүүлэх асуудлуудыг тусгасан юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэлдээ, Улсын Их Хурлаас баталсан Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл, Засгийн газрын холбогдох шийдвэрийн хүрээнд 2022-2023 онд Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо, Үндэсний давхар даатгал, Мэдээлэл холбооны сүлжээ, Мэдээлэл технологийн үндэсний парк болон авто замын засвар арчлалтын (АЗЗА) компаниуд зэрэг нийт 26 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийг нийтэд арилжаалах ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа талаар танилцуулсан юм. Одоогийн байдлаар Төрийн банкны 5.71 хувь, Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг амжилттай арилжаалаад байгаа юм. Төрийн банкны хувьцааг арилжаалах ажил цааш үргэлжлэх бөгөөд нийт 20 хүртэл хувийг хувьчлах аж.
Тэрбээр АЗЗА компаниудын бүтэц, үйл ажиллагаа, өмч хөрөнгийн байдал, санхүү, эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүдийг товч танилцуулаад, тулгамдаж буй асуудлуудын талаар дурдав. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 20, хувийн хэвшлийн 12 АЗЗА компани үйл ажиллагаа явуулж, үндэсний автозамын сүлжээний нийт 112 мянган км замыг хариуцан ажиллаж байна. Энэхүү үндэсний хэмжээний нийт замын 15.9 мянган км нь улсын, 96.1 мянган км нь орон нутгийн чанартай авто зам бөгөөд 900 орчим км тусгай зориулалтын авто зам бий.
Төрийн өмчийн 20 АЗЗА компани улсын чанартай автозамын 9100 орчим км-ыг хариуцдаг бөгөөд 2022 оны байдлаар 42.56 тэрбум төгрөгийн нийт орлого, 42.58 тэрбум төгрөгийн нийт зарлага, 4.9 тэрбум төгрөгийн авлага, 10.6 тэрбум төгрөгийн нийт өр төлбөртэй ажиллажээ. Улсын төсөвт авто замын засвар, арчилгааны зардалд 24.0 орчим тэрбум төгрөг тусдгийг төрийн өмчийн 20 АЗЗА компани хувааж авч, Зам, тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан гэрээний үндсэн дээр ажиллаж, бусад үед орон нутгийнхаа тендерт оролцох замаар ажил, орлого олж “амьдардаг” хэмээн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл танилцуулсан юм. Тус компаниудын ажилчдын цалин хөлс, урамшуулал бага, тогтвор суурьшил муутай, улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг, зарим нь улирлаар ажилчин авч ажиллуулдаг, машин механизм, техник тоног төхөөрөмж нь элэгдэж хуучирсан, бүтэц менежмент, өр төлбөрийн удирдлагыг сайжруулах шаардлагатай зэрэг олон асуудал тулгамдаж буй аж. Мөн авто замын засвар арчлалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай норм, стандарт, хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудал шийдлээ хүлээж буй юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Улсын Их Хурлаас баталсан хувьчлах үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах, Үндсэн хуульд заасан төрийн нийтийн өмч, түүний төрөл, зүйлийг тодорхойлох, өмчийн нэгдсэн бодлого, удирдлага, бүртгэл, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, олон улсын сайн туршлагын дагуу төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг зөвхөн биржээр дамжуулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэл баримтлан ажиллаж байгаа аж. Төрийн өмчийн АЗЗА компани тус бүрийг нээлттэй хувьцаат компани болгож, 34 хувийг олон нийтэд арилжаалбал амжилтгүй болох магадлалтай тул нэгтгэж, үндэсний хэмжээнд авто замын засвар, арчлалтын үйл ажиллагааг удирдан явуулах 20 салбар бүхий, цомхон нэг удирдлагатай нэгтгэл болгон зохион байгуулаад, уг нэгтгэлийг олон нийтийн компани болгох нь үр дүнтэй гэж үзэж, Засгийн газарт энэ хувилбарыг оруулж шийдвэрлүүлээд байгаа ажээ.
Мөн тус газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цөөрүүлэх, нэгтгэх болдлого баримталж багаа аж. 2022 онд улсын төсөвт үйлдвэрийн 44 газар байсан бол 2023 оны 41 болгож, мөн төрийн өмчит үйлдвэрийн 26 газар байсныг 18, төрийн өмчийн 112 компанийг 85 болгон цөөрүүлжээ.