С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тус тус танилцуулсан.
Улсын Их Хурал 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан юм. Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг байна” гэж заасан. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн” гэж хуульчилсан бөгөөд шинэчилсэн найруулгаар “Засгийн газрын тохируулагч агентлаг” болгон өөрчилсөн.
Гэвч Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын төсөвт 2024 оны төвлөрүүлэх орлого, зарлагын бүрэлдэхүүнд Засгийн газрын тохируулагч агентлаг “Иргэний нисэхийн ерөнхий газар”-ыг өөрчлөн байгуулах асуудал тусгагдаагүй юм байна. Иймд дээрх агентлаг нь 2024 онд байгуулагдахгүй болсонтой холбогдуулан Иргэний нисэхийн тухай хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг “2024 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2025 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж тус тус өөрчлөхөөр холбогдох хуулийн төслийг боловсруулсан байна.
Эдийн засгийн байнгын хороо 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн болохыг М.Оюунчимэг гишүүн танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асууж, С.Бямбацогт сайдаас хариулт авав. Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 47 гишүүний 65.3 хувь Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Төмөр замын тээврийн тухай хуульд /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Улсын Их Хурал 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Төмөр замын тээврийн тухай хуульд /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай болон Төмөр замын тээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан. Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна” гэж заасан. Уг агентлаг нь төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд суурь бүтэц эзэмшигчийн хооронд, суурь бүтэц эзэмшигч болон тээвэрлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, галт тэрэгний хөдөлгөөнийг захирамжлан зохион байгуулах чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага гэдгийг тэрбээр тодотгов. Гэвч Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын төсөвт 2024 оны төвлөрүүлэх орлого, зарлагын бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Төмөр замын газар” байгуулах асуудал тусгагдаагүй аж.
Иймд дээрх агентлаг нь 2024 онд байгуулагдахгүй болсон тул Төмөр замын тээврийн тухай хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг “2024 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2025 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж, Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "2023 оны 12 дугаар сарын 31-ний" гэснийг "2024 оны 12 дугаар сарын 31-ний" гэж, 5 дугаар зүйлийн "2024 оны" гэснийг "2025 оны" гэж тус тус өөрчлөхөөр төслийг боловсруулсан байна.
Эдийн засгийн байнгын хороо 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням нар асуулт асууж, Зам, тээврийн хөгжлийн сайдаас хариулт авав. Үргэлжлүүлэн Төмөр замын тээврийн тухай хуульд /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 62.5 хувь нь дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.