С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Тэд хийдгээ хийлээ. Хэрхэхийг хууль л мэдэх нь!
"...Нүүрсний сонсголыг зохион байгуулж чадах уу? Шударга ёсны тэмцэлд хамт зогсож чадах уу? гэдгийг Ерөнхий сайд надаас асуусан. Зохион байгуулахаа хэлсэн. Нам, дарга цэрэг гэхгүйгээр бүх асуудлыг ил болгож тавина. Ерөнхий сайдын хулгайч нартай тэмцэх тэмцлийн хуулийнх нь илд байх болно..." Б.Энхбаяр Хууль зүйн байнгын хорооны даргаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын сэнтий рүү буйр сэлгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны танхимд ийн мэдэгдэж байлаа. Үүнээс хоёр сар гаруйн хугацааны дараа “Шударга ёсны хуулийн илд байна” хэмээн амласан Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Б.Энхбаяр Таны анхны томоохон ажил ийнхүү эхэлж байна” гэдгийг Ерөнхий сайд дахин онцолсноор бүтэн жилийн турш таавар, таамаг, талцал, толхилцоон дунд явсан “Нүүрсний сонсгол” албан ёсоор хөшгөө нээсэн нь саяхан.
Хоёр үе шаттайгаар нийт есөн хоногийн турш үргэлжилсэн Нээлтэй сонсголоор Тавантолгой орд тойрсон ашиг сонирхол, улстөрчдийн хэлхээс, холбоо хамаарлын цаад учиг шалтгааны талаарх эргэлзээ, хардлагыг тайлсан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сар. Өмнөговь аймгийн Ханбогд суманд гадаадын иргэдэд газар эзэмшүүлсэн нь хүртэл гэрэл цохьсон нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч Төрийн тэргүүний түвшинд байр сууриа илэрхийлж, яаралтай арга хэмжээ авахыг чиглэл болгосон нь Сонсголын нэг онцлог байв. Ажнай Д.Бат-Эрдэнэд дөрөөлсөн ардчиллынхан жижиг Тавантолгойд хэрхэн эзэн сууж, томд нь Ардын Намынхан туйлж явсныг, тэгэхдээ Нүүрсний хулгайн сонсгол хийхийг яагаад бүтэн жилийн турш уяж, гацааж, түгжиж байсны зангилаа зад үсэрсэн нь ч бас нэгэн үр дүн. Хамгийн гол нь, Сонсголоор дамжуулан холбогдох баримтыг шинжлэн судалж, нээлттэй танилцуулсан нь иргэдийн мэдэх эрхийг хангасан төдийгүй нүүрсний хулгай бодитой байсныг илчилж, мөн гэрчлэв.
Гагцхүү Хуулийн сайд Б.Энхбаярын даргалсан “Нүүрсний сонсгол”-ыг зохион байгуулах Түр хороо намрын чуулган хаалтаа хийхээс урьтаж парламентад тайлангаа тавьснаар татан буугдлаа. Гэхдээ Түр хороог албан ёсоор татан буулгаснаар нүүрсний хулгай бүрмөсөн намжиж байна гэсэн үг биш. Нээлттэй сонсголоор ил болгосон 9177 хуудас нотлох баримт, нэгдсэн тайланг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлжээ. Дахин тодотгоё 9177 хуудас нотлох баримтыг хуулийн байгууллагад шилжүүлсэн нь энэ. Үндсэндээ бүтэн жилийн турш улс төр, бизнесийн бүлэглэлийн сөрөг дайралт, сөрсөн базаанд явсан ч эцэстээ парламентын босго давуулж, Түр хорооны оролцоотойгоор “Нүүрсний сонсгол”-ыг зохион байгуулсан нь энэ Засгийн газарт амаргүй даваа байсан нь мэдээж. Гэхдээ тэр нь ялалт болох уу? ялагдал байх уу? гэдгийг хууль хяналтын байгууллага эцэслэн дэнслэх нь.
Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг нь үнэн л юм бол БНХАУ-д хийсэн анхны албан ёсны айлчиллаасаа хойш байр сууриа илэрхийлэх тоолонд нүүрсний хулгайн тухай хэлж, сануулж ирсэн Ерөнхий сайдын тэмцэлд хүч нэмэх нь, шударга ёсны хуулийн илд байх нь ийнхүү сайд Б.Энхбаярын зүй ёсны үүрэг боллоо. Тэр өмнө нь хууль тогтоогчийн сэнтийгээс хуулийн хэрэгжилтийг хангахыг сануулж, хулгайг таслан зогсоохоо илэрхийлж байсан бол өнөөдөр Засгийн газрынхаа авлигатай тэмцэх үндсэн чиг үүргийг сахиулж, мөрдүүлэх “уураг тархи” нь болсон хуулийн бодлогыг зангидаж, залуурдаж яваа нэгэн. Шударга ёсыг тогтоох Ерөнхий сайд, Засгийн газрынхаа бодлогыг хэрэгжүүлж ажиллахаас өөр сонголт түүнд байхгүй. Байх ч үгүй.
Тэгэхээр намрын чуулган хаалтаа хийсэн цаг үеэс улс төрийн уур амьсгал хэсэгтээ нам гүн байдалд шилжих бус эсрэгээрээ “Нүүрсний сонсгол”-д нэр дурдагдсан УИХ-ын гишүүд тэргүүтэй хэсгийнхэнд хуулийн байгууллагад очиж тайлбар, мэдүүлэг өгөхөөс эхлээд ажил нэмэгдэх бололтой. Нийт 52,030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй үйлдэл илэрч, гадаадын хөрөнгө оруулалттай 34 аж ахуйн нэгжид, 42 эзэмших эрхийн гэрчилгээгээр 475.3 га газар олгосон, хоёр хуулийн этгээдэд 4,100 га газрыг эрчим хүчний зориулалтаар хууль бусаар эзэмшүүлсэн нь ил болсон нь Сонсголын гол факт. Тоо хэзээ ч худлаа хэлдэггүй.
Ямартай ч тэд хийдгээ хийлээ. Хэрхэхийг хууль л мэднэ. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн хүн засаглах?, эсвэл хууль засаглах? эсэхийг “Нүүрсний сонсгол”-оор ил болгож, прокурор, АТГ, ЦЕГ тэргүүтэй хуулийн байгууллагад хүргүүлсэн 9177 хуудас нотлох баримт хэзээ, хэн рүү хэрхэн хөтлөгдөж, холбогдохоос харагдах учиртай! Гэдэг нь “Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм. Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр юм” хэмээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үгийг ч энд сануулах нь зүйн хэрэг.
“Шударга ёсны зарчмын байр суурийг илэрхийлж байгаа болохоос аль ч шатны, ямар ч шүүгчтэй тухайлсан асуудлын талаар ярилцаж байгаагүй. Цаашид ч тийм үйлдэл гаргахгүй гэдгээ хариуцлагатайгаар илэрхийлье!” гэдгийг ч Ерөнхий сайд маш тодорхой хэлчихсэн.
С.Гандөл