Засгийн газрын гишүүдэд өгсөн Ерөнхий сайдын сануулга!

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVI хороонд болсон осол нийгмийн уур амьсгалд бүхэлд нь шуурга дэгдээж орхилоо. Онцгой байдлын гурван алба хаагч үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдсан нь зөвхөн энэ байгууллагын чадамж гэлтгүй Улаанбаатар хотын удирдлага, Засгийн газар бүр цаашлаад улс орны хэмжээнд хариуцлага, стандарт гэсэн хоёрхон асуудлыг нэхэж хэлэлцэх сэдэв, бас бухимдал төрүүлэх гол шалтгаан болов.

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдаар удирдуулсан ажлын хэсгээс үүссэн нөхцөл байдлын хүрээнд арга хэмжээ авч ажиллаж буй ч хүний амь эрсдэж, олон арван айл өрх, иргэд эд хөрөнгөөр хохирсон нь хэсэгтээ анхаарлын төвд байхаас аргагүй байдалд хүргэсээр удав.

Нийслэл төдийгүй нийгмээрээ хариуцлагын механизм нэхсэн энэ өдрүүдэд Засгийн газрын хуралдаанаар голчлон ярьсан агуулга нь "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт болсон ослын талаарх мэдээлэл байсан бололтой. Ерөнхий сайдын зүгээс ч аливаа нөхцөл байдлыг үүссэний дараа биш үүсэхээс нь урьтаж тэмцэхгүй байгаад бухимдалтай бас шүүмжлэлтэй байр суурийг танхимынхаа сайд нарт хандан дайжээ.

Тэрбээр "Бид байнга нөхцөл байдал, шинж тэмдэг ярьдаг боллоо. Агуулгыг нь харж, түүн рүү орохгүй байна. Газрын наймаанаас үүдэлтэй стандарт бус хот төлөвлөлт, түүнийг бий болгосон авлигатай нь тэмцэхгүй байна. Ул суурь руу нь чиглэсэн ажил хийхгүй байна. Үүнийг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт засахгүй бол болохгүй. Гэхдээ хэн нэгэнд найдаад үлдээж болохгүй. Бид өөрсдөө засах ёстой. Түгжрэл, стандартгүй хот төлөвлөлт, "Ногоон автобус", "Дүнжингарав"-ын уулзварт болсон осол энэ бүхний илрэл" гэжээ.

Мөн Засгийн газраас зохион байгуулж эхэлсэн "5Ш ажиллагаа"-ны нэг жилийн ой удахгүй болох гэж буйтай холбогдуулж, ямар үр дүн гарсан тухай тайланг ойрын хугацаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан байна. Өөрөөр хэлбэл, үүссэн нөхцөл байдал, шинж тэмдгийг нь ярих бус түүнийг үүсгэгч хүчин зүйлийг засч, сайжруулах чиглэл рүү орж ажиллахыг Ерөнхий сайд кабинетынхаа гишүүдэд ийн сануулжээ. "5Ш ажиллагаа"-ны хүрээнд өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг гаргаж танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад зүгээр ч нэг үүрэгдээгүйг эндээс харж болохоор.

Үндсэндээ стандартгүй хот төлөвлөлт, түүнийг бий болгох суурь шалтгаан болсон газрын наймаа, авлигын эх үүсвэрийг тодорхойлж тэмцэхгүйгээр, таслан зогсоохгүйгээр, хамгийн гол нь бодит үр дүнд хүрэхгүй яваа байдлыг ойрын хугацаанд засч, сайжруулахыг Засгийн тэргүүн нь ийн сануулж, мөн үүрэг өгсөн бололтой. 20 жилийн хугацаанд нийслэлд олгосон газар олголттой холбоотой асуудлаар УИХ-ын хянан шалгах Түр хороог байгуулж, яаралтай "Нээлттэй сонсгол" байгуулах ажлыг Хуулийн сайдад үүрэг болгосон нь үүний нэг илрэл. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк, нүүрсний араас газрын наймаа тойрсон асуудлаар сонсгол зохион байгуулах эсэх нь энэ парламентын бүрэн эрхэд хамаарах нь.

С.Сүлд