С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ирэх сарын 5 буюу энэ Засгийн хамгийн том НҮҮДЭЛ!
Л.Оюун-Эрдэнэ “ТОМ” болжээ. Улстөрчийн зарчим нь ч, Улсын Ерөнхий сайдын зангараг нь ч. Ердөө хэдхэн жилийн өмнө дөө. МАН-ын, парламентын спикер асан М.Энхболдын авторлосон “60 тэрбум”-ын хэрэг гэх ганцхан сэдэв УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн амнаас байсхийгээд унадаг байв. Хэрэг эрхлэхийн дарга болж дэвшсэний дараагаас “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалын ард өрнөсөн хуйвалдааныг илрүүлж, илчлэх нь түүний гол ажил болсон юм. Харин өнөөдөр Хөгжлийн банк, нүүрсний хулгай тойрсон хоёр ч том “Нээлттэй сонсгол”-ыг зохион байгуулахад Ерөнхий сайдын хувиар улс төрийн манлайлал үзүүлж, ард нь гарлаа. Өмнө нь тэр зөвхөн хувь улстөрч рүү нь чиглэсэн шүүмжлэл дайж, тэрхүү байр сууриндаа бат зогсож ирсэн бол өнөөдөр авлига амь бөхтэй оршиж байгаа гол дархлаа болсон тогтолцооны гажуудлын эсрэг сөрж байна.
Энэ хооронд хоржоонтой хэрнээ тохуутай нэг үг гараад удлаа. Тэр нь “Монголд юу болж байна. Юу байх вэ? Улсаараа хулгайлцгааж байна” гэж. Үнэн л үг, ханатай л тодотгол. Яг үнэндээ өнгөрсөн 30 жилд Монголын улс төр, засаглалын түвшинд бий болсон гажуудлын бодит егөөдөл нь л энэ. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү? эсвэл засч, сайжруулаад цааш явцгаах уу? гэсэн сонголт бүхий хоёр хаалганы өмнө Монгол Улс хүссэн ч эс хүссэн ч тулж ирлээ. Бодит байдалтайгаа эвлэрээд хүлээн зөвшөөрөх сонголтыг хийвэл авлигачид ялна. Эдийн засгийн өсөлт, түүнээс ард түмэнд хүрэх учиртай бодит өсөлт улс төр, бизнес дамнасан цөөн тооны бүлэглэлийн халаасанд бүтнээрээ ордгоороо орно. Хулгайлдгаараа л хулгайлцгаана. Тэгш бус байдлын ялгаа тэнгэр, газар шиг зөрүүтэй хэвээрээ л үлдэнэ.
Гагцхүү бодит байдлаа бүрэн зураглалаар нь олон нийтийн өмнө нээлттэй дэлгэх замаар нэгжээд хэсгээр биш нийтээр нь дэнслүүлж, нийгмийн дэмжлэгтэйгээр засч сайжруулах нь илүү үр дүнтэй гэдгийг Хөгжлийн банк, нүүрсний хулгайн сонсгол хангалттай харууллаа. Хариуцлага хүлээлгэх субъект нь ч тодорхой болов. Хэрхэхийг одоо хууль, шүүх нь мэдэх хэрэг ч бас нэгэн Сонсгол зохион байгуулах сураг гарсан нь ирэх сарын 5-нд албан ёсоор баталгаажих нь. Учир нь, хаалтаа хийгээд удаагүй байгаа УИХ-ын чуулганыг ирэх хоёрдугаар сарын 5-нд товлон хуралдуулах тухай мэдээлэл байна. Үүгээр Ерөнхий сайдын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгосон нийслэлийн газар олголт, нийтийн тээвэрт хамаарах асуудлаар “Нээлттэй сонсгол” зохион байгуулах хянан шалгах Түр хороог УИХ-ын даргын захирамжаар байгуулах эсэх нь улс төр, нийгмийн хүрээнд хүлээлт үүсгэх шалтгаан болов.
Хэрвээ тийм бол, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг Хуулийн сайдаар дамжин ээлжит бус чуулганаар албажсан тохиолдолд ирэх сонгуулиас өмнөх энэ Засгийн хамгийн том нүүдэл нь нийслэлийн газар олголт, нийтийн тээврийн асуудлаарх “Нээлттэй сонсгол” байх нь. Албан тушаалын эрэмбэ, авлигаар хэрсэн сүлжээний хамгийн бодит дүр зураг, хариуцлага нэхсэн хамгийн ойрын жишээ нь өнөөгийн нийслэл Улаанбаатар хот өөрөө болчихоод байгаа нь бидний өмнөх ганц үнэн. Газар олголт яагаад гаарсан, тэнд нь стандартгүй, эмх цэгцгүй орон сууцны хороолол “бетонон ширэнгэ” болтлоо хэрхэн сүндэрлэсэн, үе үеийн хотын дарга нар ямар шалтгааны улмаас хариуцлагаас мултарч ирсний хамгийн үнэн төрх хаана хамгийн тод харагдаж байна, Улаанбаатараас л харж болно. Тэр бүгдийг нээлттэй хэлэлцэж, хүний өөрийнгүй баримт дэлгэх нь энэ Сонсголын оргил цаг!
Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд, Хуулийн сайд нар яагаад энэ асуудлаас дөлж, бултаж, тойрч ирсний хариулт ч үүгээр тодрох учиртай. Эрх баригч намын шошготой Ерөнхий сайдын хувьд сонгууль угтаж МАН-аас томилолттой явж ирсэн үе үеийн хотын мэйрийг олны өмнө ил гаргаж, нээлттэйгээр нүүрийг нь улалзуулах нь сөрөг оноо болж буух ч Л.Оюун-Эрдэнэд үүнээс өөр сонголт үлдээгүй байж мэднэ. Үндсэндээ авлигатай тэмцэхэд, шударга ёсыг тогтооход ах, дүү, найз, нөхөд, намын гишүүнчлэл хамаарахгүй гэдгийг тэр өөрөө үлгэрлэж, улс төрийн манлайлал үзүүлж байгаа нь нэг талаараа түүнийг “ТОМ” болсныг харуулах имиж, нөгөө талаар нийгмийн томоохон дэмжлэгтэй явааг илтгэж байна. Ямартай ч, МАН төдийгүй Монголын улс төрд газрын наймаагаар гаршсан, энэ хүртэл амь бөхтэй оршиж ирсэн бүлэглэл үүрээ эвдүүлсэн шоргоолж лугаа үймэлдэх цаг өдрүүд айсуй!
Г.Эрхэс