Байгалийн баялаг бусдынх бус түмнийх болох нь...

“Тавантолгойг Танд үлдээлээ”, “Төмөр замаар танк орж ирнэ” хэмээх акц, уут цоолдог дүрслэл бүхий айдсын менежмент, угаас “эх оронч” төрхтэй улстөрчдийн уянгын халилаас үүдэлтэй урагшаа гаргах асар их хэмжээний нүүрсний экспортоо дөнгөлүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2022 он. Харин 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наядын ашигтай ажиллаж, өмнөх жилийнхээ үзүүлэлтийг “дабльдав”. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2011 он, өнгөрсөн хугацаанд өрнөсөн дотоод, гадаадын улс төрийн нөлөөгөөр алдагсан боломжийн өртөг болох 80 их наядын дэргэд таван хувьд нь хүрэхгүй мөнгөн дүн ч “Эрдэнэс Тавантолгой” хоёр жил дамнан ашигтай ажиллаж, тэр нь их наяд давсан нь маргаангүй эерэг үзүүлэлт.

Анх байгуулсан цагаасаа олон улсын жишгээр буюу компанийн засаглалын түвшинд гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн тогтолцоотой явсан энэ компани үр өгөөжөө өгөх нь битгий хэл авлигын хамгийн том “кассын машин” болтлоо дампууралд орсон нь саяхан. Аман дээрээ 2.4 сая хувьцаа эзэмшигтэй гэж ачирхдаг атлаа ачир дээрээ төлөөний хэдхэн улстөрч, тэдгээрийн хамаарал бүхий этгээд, ашиг сонирхолтой нэгтэй компанийг тордож, томруулдаг Төрийн оролцоотой “бизнес инкубатор” болсныг хангалттай ойлгож, мэдэрсэн нь ердөө л жилийн өмнөхөн. Ямар ч байсан 10 жилийн турш алдагдалтай ажилласан гэх өгүүлбэр гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийнх нь амнаас гарч ирснээс бус тэд өөрсдөө хэний халаасанд, хэрхэн шургаж, хэтэвчээрээ нэгдсэн тухай мэдээлэл олон нийтэд “маш нууц”-ын зэрэглэлтэй байв. Засгийн газраас онцгой дэглэм тогтоож, Бүрэн Эрхт төлөөлөгч томилох хүртэл. 

Гагцхүү 2022 оны сүүлч, 2023 он буюу 15 сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-г ашигтай ажиллуулж болдгийг, тэгэхдээ жил дамнан “дабльдах” боломжтойг харуулж чадсан нь өөрөө бодит үр дүн. Улмаар Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэсэн заалтыг албан ёсоор хэрэгжүүлэх суурийг тавив. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн санг байгуулж, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашигласны үр өгөөж /татвар, ашиг гэх мэт/-ийн дийлэнх нь буюу тавиас дээш хувь нь монголын ард түмэнд ногдох, шаардлагатай бол иргэдийн саналыг харгалзаж хуульчлах асуудлыг тусгасан байдаг.

Гэвч “Ковид”-ын цар тахал, Орос, Украины дайнаас үүдэлтэй гадаад нөлөө, дотоодын улс төрийн уур амьсгал нь Баялгийн санг хуульлчилж оруулж ирэх боломжийг Засгийн газарт олгоогүй. Тийм нөхцөл нь ч бүрдэхгүй явсаар энэ хүрэв. Цаг хугацааны давхцал нь ингэж таарсан уу? эсвэл Үндэсний баялгийн сан байгуулах хамгийн боломжит үе нь үү? хэлж мэдэхгүй “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаас иргэдэд хувь хүртээх асуудалтай зэрэгцүүлэн хуулийг төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсноо Ерөнхий сайд зарлалаа. Парламентад суудалтай АН, ХҮН-ын даргатай санамж бичигт зурснаас харвал ирэх сарын 5-нд товлосон ээлжит бус чуулганаар төслийг шууд батлах нь тодорхой болж байх шиг. 

Угтаа бол Үндэсний баялгийн сантай болох сэдэл Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан үе болох аль 2011 оноос анх хөндөгдөж эхэлсэн сэдэв. Гэвч дотоодын улс төрийн зөрчил нь Тавантолгойгоо, төмөр замаар зогсохгүй Баялгийн сантай болох алс хэтийн “Монгол мөрөөдөл”-өө баллуурдаж орхисон түүхтэй. Харин энэ удаад Ерөнхий сайд тэргүүтэй АН, ХҮН-ын дарга нар зэрэгцэж зогсоод санамж бичиг байгуулж, ээлж дарааллан мэдэгдэл хийсний ард байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүрд шууд хүртээмжтэй байлгах, нэрийн дансанд хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр мега төслүүлэд хуваарилж, хөрөнгө оруулах асуудлыг хуульчлах нь. Одоогийн Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт ч баялагтай эзэн байх суурь агуулга бий нь энэхүү төсөл “ногоон гэрэл”-ээр урагшлах бас нэгэн баталгаа нь.  

Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэнэ. Сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэл нь Норвегийн жишиг загварт тулгуурлана. Өөрөөр хэлбэл, Стратегийн ордуудын 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой, Тавантолгой болон цаашид ашиглах ордуудын ашиг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар тусгажээ.

Ингэснээр байгалийн баялаг хэсэг бүлгийн өмч биш, нийт иргэдэд үр өгөөжтэй байхаар 2019 онд Үндсэн хуульд шигтгэсэн суурь зарчимд тулгуурлаж, өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лиценз олголтын талаар УИХ-аас нээлттэй сонсгол хийж, иргэдийн мэдэх эрхийг хангах замыг засах юм. Үндсэндээ уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх асуудлыг үүгээр шийдвэрлэнэ.

Ийнхүү 2011 оноос ярьж эхэлсэн ч бүхэл бүтэн 13 жилийн бодитой төсөл хэлбэрээр оруулж ирж чадахгүй явсан Баялгийн сангийн тухай хуулийг парламентаар “ёсчлох” нь. Байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүр хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрхзүйн орчин үүгээр бүрдэнэ. Байгалийн баялгийн ашиглалт бүрийг ил тод, шударга, ашигтай ажиллахыг иргэд өөрсдөө шахаж шаарддаг, хяналт тавих замаар компанийн засаглалын асуудалд шууд оролцдог болох нь тогтолцооны реформ талаасаа том жишиг болж үлдэх учиртай. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг хоёр үе шаттай хуваарилахаар төлөвлөсөн энэ бүхний ердөө эхлэл гэдгийг энд тодотгох нь зүйн хэрэг.

С.Сүлд