#2 НИЙГМИЙН ДУУДЛАГА!

Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот. Төв цэг нь жанжин Д.Сүхбаатарын талбай. Нийт газар нутгийн ердөө 0.3 хувьд төвлөрдөг нийслэлийн тэг дунд нь байрладаг эл бүс урлаг, соёлын арга хэмжээ, улс төрийн акц, жагсаал, цуглаан, Төрийн томоохон айлчлалыг хүлээж авдаг зэргээр хувь, хувьсгалын хамаг үйл явдлыг гэрчлэх бодит архив гэдгээрээ онцлог. Басчхүү ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дунд оршдог Монгол Улсад ардчилал амь бөхтэй явааг харуулдаг, мөн гэрчилдэг ганц индэр нь. Гэвч Төр нь ч, иргэн нь ч мэдээгүй байхад Төв талбайн газрыг таллаад банкны барьцаанд тавьсан нь ил болсон нь саяхан. 

Ингэхдээ Д.Сүхбаатарын талбайн өмнөх 1.8 га газрыг 10 сая ам.доллароор банкны барьцаанд тавьсан нь гэрэл цохисон даруйд нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалж, шүүх ч түүнийг нь ёсоор болгосон. Хүчтэй, хөрөнгөтэй, нөлөөтэй бүхэнд ямар ч төлөвлөлтгүй, стандартгүй, хуулийн дагуу газар олгож ирсний уршиг өнөөгийн Улаанбаатарт авлигын үерийг буулгах болсоор удсан нь гашуун үнэн ч арай ч Төв талбайг нь таллаад банкны барьцаанд тавьчихсан гэж хэний ч ой тоонд буухгүй явсан нь мэдээж. 

Гэхдээ ардчилал нэрийн авлига, албан тушаалаар сүлбэлдэж, хэлхэлдсэн цөөн хэсгийн эрх ашгийн сүүдэр Төв талбайн газрыг хүртэл тойроогүй дайрсан бэлээхэн жишээ нь энэ. Хэнтэй ч хуваалцахгүйгээр ардчиллыг өмчилдөг, өмчилж ирсэн хэсэг нь одоо алтан хараацай гэгддэг, төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг буулгаж, 52 давхар цамхаг барих болсон талаарх албан бичгийг “Шинэ дэвшилтэт холбоо”-ноос ар гэрийнхэнд нь хүргүүлсэн талаарх бас нэгэн баримт ил болж шуугиан тарив. Бас л банкны барьцаанд тавиад туучихсан гэлцэх юм билээ.

Сураг сонсох нь ээ, Да.Ганболд, “Фортуна” Н.Батбаяр нэр дээр бүртгэлтэй “Шинэ дэвшилтэт холбоо” 2014 онд 480 мянган ам.доллароор “Голомт” банкны томоохон хувьцаа эзэмшигч Д.Баясгалангийн “Ардчиллын өргөө” компанид С.Зоригийн хөшөөний урд талын 3000 м.кв газрыг зарснаар, оффис, нийтийн үйлчилгээ, худалдааны төвийн 52 давхар барилга барихаар шаардаж эхэлснээр асуудал үүсчээ. Сонин юм шүү, Төв талбайгаа таллаад хувийн хэвшилд шилжүүлснийг Худалдааны хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг 99.9 хувийг нь эзэмшдэг байсан Улаанбаатар хотын банкандаа 8.6 сая ам.доллароор барьцаанд тавьж мөнгө эргэлдүүлж, Да.Ганболд тэргүүтэй хэсэг нь ардчиллын оюун санааны бэлгэдэл болсон хөшөөг газартай нь 480 мянган ам.доллароор зардаг увайгүй хандлага зөвхөн Монголоос, Монголын улстөрчдөөс л гардаг гэхээр...

Да.Ганболд ч тэр, Д.Баясгалан ч мөн адил нэгэн цагт С.Зоригийн хамт ардчиллын үйл хэргийг бүтээж, бүтээлцэж явсан л хүмүүс. Гагцхүү Төв талбайн болон С.Зоригийн хөшөөний газрыг хувьд, тэгэхдээ банкны барьцаанд тавьсан, бас зарсан энэхүү үйл явц нь ардчиллын үнэт зүйл бүхэлдээ авлигын өмнө сөхөрсний, анархизм болсны л илэрхийлэл юм. Ямар ч байсан “Намайг Ерөнхий сайд байхад энэ хөшөөг хаашаа ч хөдөлгөхгүй” гэж хэлснээрээ Л.Оюун-Эрдэнэ нэгээхэн хэсгийн зүхлийг барж буй ч хот өөрөө дүрэмтэй, стандарттай, үнэт зүйлтэй, үүх түүхтэй байхыг сануулж, төдийгөөс өдий хүртэлх газар олголтын ард нуугдсан авлига, ашиг сонирхлын сүлжээг илчлэх жим биш зам гаргаж эхэллээ. 

126 гишүүнтэй анхны парламентыг бүрдүүлэх жагсаалтаар сонгогдох 48 хүний дотор нэг ч улстөрчийг багтаагаагүй зөвхөн мэргэжлийн экспертүүд, салбар салбарын төлөөллөөр бүрдүүлсэн нь Улаанбаатар улс төрийн шинэ соёл тогтоох эхлэл, хүлээн зөвшөөрөх ёстой сонгол байхыг үгүйсгэх аргагүй юм.

С.Сүлд