С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
#3 НИЙГМИЙН ДУУДЛАГА!
Цэнхэр, ягаан тасалбараар эхэлсэн өмч хувьчлал ардчиллын замналыг сонгосон Монголд тэгш бус байдлын суурийг цутгасан нь 1990-ээд оны эхэн үе. Хувийн өмчтэй байх, түүнийгээ худалдах, бусдад шилжүүлэх нь ардчилсан тогтолцооны, чөлөөт зах зээлийн салшгүй нэг хэсэг, 1992 оны нэн шинэхэн Үндсэн хуульдаа үүнийг цагаан дээр хараар тунхагласан ч тэр бүгдийг хуулийн дагуу явсан уу? эсвэл хулгай байсан уу? гэдэг нь өнөөг хүртэл эргэлзээ төрүүлэх асуулт.
Нийт 1.9 сая гаруй хүнд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг олгож, 17.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хувьд шилжүүлснээр эхэлсэн эл ажлын хүрээнд Хөрөнгийн биржид 1.1 сая гаруй хүн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн бүдэг бадаг тоо бий. 1990-ээд оны эхэн болон дунд үед гэсэн үг. Улмаар 466 хувьцаат компани, 1297 бүрэн бус хариуцлагатай компани, 1907 хоршоо, 850 хувиараа эрхлэх аж ахуй бий болсон гэдэг. Алдарт цэнхэр, ягаан тасалбар нэрийн дор хийсэн хувьчлалыг хэлээд байгаа юм.
Лав л 928 обьект бүхий анхны өмч хувьчлалаар “Мах импекс”, “Талх чихэр”, “Баянгол” зочид буудал тав дахь Ерөнхийлөгчийн мэдэлд шилжсэн түүхтэй. Залгуулаад “Говь”, АПУ, НИК тэргүүтэй ноолуур, согтууруулах ундааны үйлдвэр, шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй компаниуд хувьд очсон юм. Төр нь бизнес эрхлэхгүй, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй байх нь чөлөөт зах зээлийн зарчим мөн ч цэнхэр, ягаан тасалбараар дамжуулж, явуулсан өмч хувьчлалын ард хэдхэн хүн тамга хөзөр атгаж, цөөн хэсэг нь хөлжиж, баяжсаныг ойлгоход бид даруй 30 жилийг зарцуулжээ. Улсдаа ганц циркийн барилгаа хүртэл менежментийн хувьчлалаар сүмогийн их аваргад шилжүүлсний гор нь энэ салбарынхны уналтаар илэрч байна.
Чухамдаа хэнээс ч хамаарахгүйгээр бизнес хийх, барилга барих, шатахуун зарах, худалдаа наймаа эрхлэх нь хувь хүнд, хувийн хэвшилд Үндсэн хуулиар олгосон онцгой эрх, чөлөөт зах зээлийн амин судас ч төлөөний нэгнээ улс төр рүү оруулдаг, УИХ-ын гишүүн болгодог, түүгээрээ дамжуулж өөрсдөдөө давуу байдал үүсгэдэг, бусдынхаа боломжийг хулгайлах нь байх ёстой асуудал болсонд гол учиг байгаа юм.
Төрийн шийдвэр таалагдахгүй бол түүгээрээ дамжуулж шахалт үзүүлдэг, түлшний зохиомол хомсдол үүсгэж нийгмийг бухимдуулдаг, төмсний үнийг хөөрөгддөг зэрэг нь наад захын жишээ. Тайван замаар ардчилсан тогтолцоонд шилжсэн нь бидний хамгийн том ололт ч улс төр, бизнес дамнасан том ашиг сонирхлыг зэрэгцүүлэн бойжуулж, бөөцийлсөөр энэ хүрсэн нь хамгийн том алдаа, авлигыг цэцэглүүлэх хөрс нь болсныг өнөөдөр л хүлээн зөвшөөрч байх шиг. Мэдээж энэ бол сайны дохио.
Цэнхэр, ягаан тасалбараар эхэлсэн хулгай хүрээгээ тэлж, улам томорсоор эцэстээ “Эрдэнэт”, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөг тэргүүтэй эдийн засагт жин дардаг, дарж ирсэн томоохон үйлдвэрүүдийг дээрэмдэж авах хүртлээ хязгаараа давж, хуулийг уландаа гишгэснийг бид бүгдээрээ харсан, мэдсэн, эгдүүцсэн. Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, сайд, дарга нар нь бүгдээрээ хувийн хэвшилтэйгээ хамсаж, хавсайдаж байгаад л хулгайлсныг нийгмээрээ цочирдон хүлээж авсан, нийтээрээ жигшиж эсэргүүцсэн. Гэхдээ бодит байдал нь тийм л байсан. Бизнес, улс төр дамнасан бүлэглэл тэгтлээ Төрийн дээр гараад суучихсан байсан нь гашуун үнэн. Бас сургамж.
Гагцхүү ийм байдлаараа цааш үргэлжилбэл, эрх зүйн шинэчлэл хийхгүй бол Монгол Улс ирэх 30 жилийнхээ хөгжлийг тодорхойлох ямар ч боломжгүй гэдгийг Ерөнхий сайдынхаа түвшинд олж харж, хүлээн зөвшөөрсөн нь ЗОЛ байлаа. Тэгэхдээ доороос нь биш дээрээс нь, Төр өөрөөсөө эхлүүлэв. Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа “Төрөөс хувьчилсан 928 обьектийг өнөөдөр ямар байдлаар ашиглагдаж байна. Үндсэн зорилгоосоо гажсан уу, тэдгээрт ажиллаж байсан ажилтан албан хаагчийн нийгмийн асуудал шийдвэрлэгдэж чадсан эсэх, цэнхэр, ягаан тасалбар, менежментийн хувьчлал шударга биш гэсэн нийгмийн хардалт дагуулж байна. Үнэхээр аж ахуйн нэгжүүд ногдол ашиг тарааж чадахааргүй хэмжээний ашиггүй ажиллаж байна уу эсвэл татвар нуун дарагдуулах замаар ашгаа худал мэдүүлэн өнөөдрийг хүртэл явж ирсэн үү гэдэгт хамтдаа дүгнэлт хийх хэрэгтэй” гэж мэдэгдэж явсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар “Нийгэмд бүрэн төлөвшиж чадаагүй байсан тул өмч хувьчлал, байгалийн баялаг, газрын эздийн өмнө Монгол төр хүчгүйдэн сааралтаж, Засгийн газрын дундаж нас 1.5 жил байсан нь энэхүү авлигын системтэй шууд холбоотой.
Тэд, тоглогчид өөрчлөгддөг ч тоглоом өөрчлөгдөхгүй гэдэг системийн авлигын дүрмээр тоглосоор Монгол Улсын 30 жилийг зөвхөн өөрсдөдөө ашигтай, ард түмэнд хүртээмжгүйгээр болгон манантуулан боолчилж чадаж байсан юм.
Хэрэв авлигажсан тогтолцоотой хийх энэхүү тэмцэл үр дүнд хүрч, эдийн засгийн хүртээмж нэмэгдэж, дундаж давхарга тэлэхгүй бол нийгэм өөрөө өөрийгөө засах өөрчлөлт рүү ороход нийгмийн сэтгэлзүй бүрэлдэн бий болсонд авлигын тэмцлийг сааруулж буй бүлэглэлийн гар хөл болсон шат шатны хувалзнууд, тэдний цаана байгаа эзэд нь бодит дүгнэлт хийгээсэй хэмээн хүсэж байна” хэмээн чуулганы нэгдсэн хуралдааны индрээс хэлсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байв.
Ерөөс улстөрч, бизнесийн салбар дамнасан бүлэглэлийнхэнд Ерөнхий сайдын хувиар өгсөн сануулга нь л тэр байлаа. Тэр хэлсэндээ хүрсэн, түрүүчээс нь цэгцэлсэн. Эрх зүйн шинэчлэлийг ар араас нь хийсэн. Эцсийн дүндээ Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 37 их наядаас 68.9 их наядад хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5,875 ам.доллар болж нэмэгдсэн. Гадаад валютын улсын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч түүхэн амжилтыг тогтоов.
Цэнхэр ногоон тасалбараас өнөөг хүртэл хувь хүртэж үзээгүй монголчууд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаанаас анх удаагаа ногдол ашиг хүртэв. Хувь хишиг биш ногдол ашиг шүү! “Эрдэнэс Тавантолгой” хэдий чинээ ашигтай ажиллана, төдий чинээ иргэдэд ирэх ногдол ашгийн хувь хэмжээ өснө. Нэг хэсгийн эрх ашигт нийцүүлэх бус НИЙГМИЙН ДУУДЛАГААР шинэчлэл хийнэ гэдэг нь ердөө энэ юм.
С.Сүлд