400 сая төгрөг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн шөнө (2019.10.10) ОХУ-ын иргэн Г.В.В-ийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна. Тэрбээр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн бөгөөд 150 000 ам.доллар буюу 400 сая төгрөг бэлнээр авч явжээ. Г.В.В нь гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй бөгөөд түүнийг гаалийн мэргэжилтнүүд онилон биечлэн шалгалт хийсэн байна. Шалгалтаар түүнийг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байгаа юм.

Хоёр настай хүүхдийг скочоор сандалтай нь хүлсэн хоёр багшийг ажлаас халжээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр цэцэрлэгийн багш Ц, Г нар нь хоёр настай хүүхдийг сандал дээр суулган скочоор сандалтай нь хүлж, 30 гаруй минут суулгаж, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил камерийн хяналтаар илэрчээ. Сандал дээр хүлүүлсэн нялх хүүхэд өмдөндөө баасан, мөн хүлээсээ тайлуулах гэж аргаа баран уйлж, тийчилж байхад хоёр багш тоосон шинжгүй 30 гаруй минут дэргэд нь байгаад байгаа нь мөн камерт бичигдсэн байна. 30 гаруй минут болсоны дараа цэцэрлэгийн арга зүйч орж ирж хүүхдийг сандлаас салгаж авсан ба хэрэв хүн орж ирж аваагүй бол ахиад хичнээн цагаар ингэж суулгах байсныг хэлж таашгүй юм. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн хоёр багшийг тус цэцэрлэгийн удирдлагын зүгээс ажлаас халах арга хэмжээ авсан байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Улаанбаатар хотод өнөөдөр 7-9 градус дулаан байна

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

БНСУ-д хар салхи дэгдснээс 10 хүн амиа алджээ

.БНСУ-ын зүүн болон өмнөд нутгуудыг “Митаг” хар салхи дайран өнгөрч, хүчтэй салхи дэгдэн аадар бороо орсны улмаас 10 хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй болжээ. Пусан хотын нэгэн жижиг рестораны эзэн 65 настай эмэгтэй пүрэв гарагт орон нутгийн цагаар 16 цагийн орчимд нас барсан байдалтай олдсоноор амиа алдсан хүмүүсийн тоо 10 хүрсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин олон иргэн амиа алдсан харамсалтай явдал тохиолдсонд гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлээд, хар салхинд нэрвэгдсэн хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. Засгийн газар учирсан хохирлыг нөхөн сэргээхийн бүх нөөц бололцоогоо дайчлах болно гэж тэрбээр мэдэгджээ. Энэ оны 18 дахь далайн шуургад тооцогдож буй “Митаг”-ийн улмаас БНСУ-ын зүүн болон өмнөд нутгуудад хүчтэй салхи үүсэж, аадар бороо орсон байна. Хар салхины улмаас 44 мянга гаруй өрхийн цахилгаан хангамж тасалдсанаас 82 хувийг сэргэн засварласан байна.

Манай 3х3 сагсан бөмбөгчид өнөөдөр тоглоно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2019 оны "FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжөү хотноо болж байгаа. Манай эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд хэсгийн тоглолтуудаа өнөөдөр хийнэ. Монголын эрэгтэй баг өнөөдөр 15:20 цагт Голландын багтай эхний тоглолтоо, хоёр дахь тоглолт 16:30 цагт Сербийн багтай өрсөлдөнө. Тэд Нидерланд, Литва, Серби, БНСУ-ын багуудтай D хэсэгт орсон байна. Эрэгтэй багт А. Ананд, Ч. Ихбаяр, Г. Ган-Эрдэнэ, Б. Алтангэрэл нaр багтжээ.

Монголын жүдо бөхийн холбооны ЕНБД-аар Б.Ууганбаатарыг томилжээ

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шинэ ерөнхий нарийн бичгийн даргаараа өчигдөр Б.Ууганбаатарыг томилжээ. Баасанжавын Ууганбаатар нь 1971 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод мэндэлж, 1989 онд нийслэлийн 45 дугаар сургууль, 1999 онд Их шавийн дээд сургуулийг багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгсжээ. Тэрбээр 12 настайдаа хуучны Спорт сургалтын төвийн багш "Буурал" хэмээх Дамбын Гансүхийн жүдо бөхийн секцэд хичээллэн, улмаар өсвөр, залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн аж. МУГТ Д.Баатаржавын "Харцага" клубт 1989-1993 онд цагаан кимонот тамирчны алба хааж байсан бол 2000-2007 онд "Аварга" дээд сургуульд жүдогийн дасгалжуулагчаар ажиллажээ. Монгол-Лаосын Үндэсний олимпийн хороодын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2007-2011 онд Вьентьян хотноо тус улсын шигшээ багийн дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажиллаж, Зүүн өмнөд Азийн наадмын жүдогийн анхны мөнгө, хүрэл медалийг лаос шавь нар нь авчирсан байна.

75 шуудай 736.9 кг дэрвэгэр жиргэрүүгийн үндснийг хилээр гаргахыг завджээ

Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын иргэн Г нь өөрийн жолоодож явсан "Истана" маркийн суудлын автомашины зорчигчийн хэсэгт 75 шуудай буюу нийт 736.9 кг дэрвэгэр жиргэрүүгийн хатаасан үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ. Энэхүү хууль бус үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

"Хүчит шонхор" захад шалгалт хийж эхэлжээ

Иргэдийн гаргасан гомдлын дагуу Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид "Хүчит шонхор” худалдааны төвийн үйл ажиллагаанд шалгалт хийж эхэлжээ. Энэхүү шалгалтад тус захын удирдлагыг байлцуулж байгаагаараа онцлог аж. Хяналт шалгалтаар хөдөө орон нутгаас мах тээвэрлэн ирж буй иргэд зориулалтын бус тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа эрхэлсэн, мах худалдан борлуулж буй хүн нь ажлын хувцас байхгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ил задгай худалдаа явуулсан зэрэг зөрчил дутагдал илэрчээ. Хяналт шалгалт үргэлжилж байгаа гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагынхан хэллээ.

Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0,5 км авто замыг хаана

Хан-Уул дүүргийн 15-р хороо Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0,5 км авто замыг 2019 оны 10-р сарын 02-ны өдрөөс 10-р сарын 23-ны хооронд хааж авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх тул тус замаар зорчих иргэд та бүхэн Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.