С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Төв банкнаас мэдэгдэл гаргалаа
Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд бага дүнтэй төлбөр (Гурван сая төгрөг хүртэл)-ийн системийг бүрэн шинэчилж, ACH+ буюу Автомат клиринг хаус cистем нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдаад байна.
АСН+ системийг нэвтрүүлснээр ижил төрөл, зориулалт бүхий багц гүйлгээ, төлбөрийн нэхэмжлэхэд үндэслэсэн дебит гүйлгээ, бодит цагийн горимын гүйлгээ болон шинэ дэвшилтэт төлбөрийн хэрэгслийн гүйлгээг дамжуулах боломжтой болно. Мөн аж, ахуйн нэгж байгууллагуудад зориулсан гарцыг бий болгож, төлбөр тооцоогоо шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, хөрөнгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, үр дүнгийн тооцооллын үлдэгдэл хүрэлцэхгүй байх эрсдэл үгүй болох зэрэг олон улсын стандартад нийцсэн төлбөр тооцооны дэвшил гарах юм.
Түүнчлэн АСН+ системийн томоохон хэсэг болох Дансны нэгдсэн санг нэвтрүүлснээр харилцагчид утасны дугаар, цахим хаяг зэрэг нэмэлт мэдээлэл ашиглан гүйлгээ илгээх, хүлээн авах боломж бүрдэнэ. Ингэснээр гүйлгээний нэр, данс зөрөх алдаа багасах, харилцагч өөрт дөт мэдээлэл ашиглан, хялбар аргаар гүйлгээ хийх зэрэг давуу талууд бий болно.
Тус системийг 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө буюу 15-ны өдрийн 00:00-02:30 цагийн хооронд нэвтрүүлэх тул дурдсан хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээ дамжихгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Дээрх хугацаанд банкуудын интернет банк, мобайл банк г.м. цахим сувгийн банк хоорондын гүйлгээ түр зогсох бөгөөд Монголбанк болон банкуудын картын систем хэвийн ажиллах тул иргэд, аж ахуйн нэгжүүд төлбөрийн карт ашиглан ATM, ПОС төхөөрөмжөөр гүйлгээ хийх боломжтой" гэсэн байна.
МОНГОЛБАНК