“Boeing 737 Max” загварын үйлдвэрлэлийг 20 хувь бууруулахаа мэдэгдэв

АНУ-ын Боинг компанийн гүйцэтгэх захирал Дэннис Муйленбург компанийнхаа үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг өгчээ. Ингэхдээ “737 Max” загварын нисэх онгоцныхоо үйлдвэрлэлийн хэмжээг 20 орчим хувиар бууруулахаар болсныг мэдэгдсэн байна.

Сард 52 ширхэг ийм загварын онгоц үйлдвэрээс гардаг байсныг энэ сарын дундуур 42 болгон бууруулах шийдвэр гаргажээ. Өнгөрсөн сарп Этиоп улсад “Boeing 737 Max” загварын онгоц осолдоход 157 хүн амиа алдсан бол өнгөрсөн оны аравдугаар сард Индонезид мөн ийм онгоц осолдоход 189 хүн амь үрэгдсэн юм. Дээрх хоёр осол нэг шалтгаантай, тодруулж хэлбэл автомат жолоодлогын MCAS системийн програмтай холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа Муйленбург мэдэгдсэн байна.

Үйлдвэрлэх онгоцны тоо хэмжээг бууруулах ч ажлын байранд цомхотгол хийхгүй, санхүүгийн эрсдэл хамгийн бага байхаар үйл ажиллагааг зохион байгуулахаа энэ үеэр онцолсон байна. Мөн Боинг компанийн Удирдах зөвлөлөөс тусгай хороог байгуулж, компани шинэ онгоц зохион бүтээхдээ хэрхэн ажилладаг арга барилд шалгалт хийхээр болсон байна. Цаашдаа дахин осол эндэгдэл гарахаас сэргийлж, 737 Max нисэх онгоцны програмд шинэ хувилбар нэвтрүүлэхээр болжээ. “737 Max” загварын үйлдвэрлэлийг асуудлууд шийдэгдсэний дараа буюу зургадугаар сараас хэвийн хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн байна.