НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Г.Нэргүй: Бага насны хүүхдийг гэрт нь орхихгүй байх хэрэгтэй
НОБГ, НМХГ, НЗДТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн сар шинийн өдрүүдэд гал түймрийн дуудлага харьцангуй бага байлаа. Тухайлбал, 2019 онд 654 тохиолдлын гал түймрийн дуудлага гарч байсан бол энэ онд 402 болж буурлаа. Харин эрэн хайх дуудлага 42 болж нэмэгдсэн. Мөн сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан зөв түлэх үүднээс нийслэл дүүргийн 15 мянга гаруй албан хаагчид иргэдэд мэдээлэл хүргэж ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан гал түймрийн дуудлага буурсан гэж үзэж болно. Хорио цээрийн дэглэм сунгагдсантай холбогдуулан бага насны хүүхдийг гэрт нь орхихгүй байх, пийшин зуухны галлагаанд анхаарал хандуулах хэрэгтэй” гэлээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нус цэрээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байхад нийслэлийн төр захиргааны байгууллагын 6000 гаруй алба хаагчид ажиллаж байна. Алба хаагчид шаардлага тавихад “юун сүртэй юм” гэж иргэдээс ойшоож үзэхгүй байна гэсэн. Энэ нь өвчлөлөөс урьчилан сэргийлэхэд тавьж байгаа арга хэмжээ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Мөн орон нутгийн замыг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл хаасантай холбогдуулан асуудал гарч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, шинийн 4-өөс ажилдаа орно гээд ойлгоод гарчихсан төрийн албан хаагчид их байна гэсэн. Хүндэтгэн үзэх шалтгаан биш л бол өөр арга байхгүй гэдгийг хэлье” гэсэн юм.