Айпонтой дарга

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаад иржээ, албан томилолтоор. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Ард нийтийн санал асуулгын товыг эцэслэн батлах, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх, хамгийн гол нь ирэх сонгуулийн жилийн төсвийг тооцоолох гээд энэ парламент, спикерийн нуруун дээр ирэх “ачаа” их. Тиймээс ээлжит бус чуулган өндөрлөж, намрын чуулган хөшгөө нээхээс урьтаж төрөлх аймагтаа ажиллаад ирсэн нь зүйн хэрэг.

Сонирхолтой нь, Баянхонгор аймгийн “Баян-Ойт” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа сурагчидтай сэлфи хийж буй УИХ-ын даргын агшин гэрэл зурагт тод үлдсэн нь нийгэмд шүүмжлэл дагуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх шалтгаан болж байх шиг. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ нь хомс, хүүхдээ сугалаагаар оруулж азаа үзэн, амь аргацаадаг болсон энэ цаг үед сурагчид хичээлийн шинэ байртай болсон нь сайн хэрэг. Төрөлх нутагтаа очиж, түүнийх нь нээлтэд оролцох үеэрээ сурагчидтай сэлфи хийсэн УИХ-ын даргыг ч буруутгаж боломгүй.

Гагцхүү сурагчидтай сэлфи хийсэн УИХ-ын дарга саяхан худалдаанд гарсан “iPhone 11” загварын гар утас барьсан нь түүнийг шүүмжлэх шалтгаан болсон хэрэг. Гэхдээ энд нэг асуулт байна. Тэр нь, УИХ-ын дарга Г.Занданшатарын зангидаж байгаа парламент гартаа барьсан гар утас шиг нь “ухаалаг” байж чадаж байна уу?. Ээлжит сонгууль болтол ухаалаг утасных нь үйлдлийн систем шиг ажиллаж чадах уу гэдэг нь өөрөө асуулт юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт түүнийг дагасан засаглалын реформ нь энэ парламентын бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн том дэвшил, МАН-д үнэмлэхүй олонхиор итгэл хүлээлгэсэн сонголтын үр дүн мөн үү гэвэл мэдээж мөн.

Харин түүнтэй эн зэрэгцэхүйц гэж хэлж болох бас нэгэн асуудал бий ирэх оны төсөв. Сангийн сайдын зүгээс ирэх оны төсөвт үрэлгэн байдлаар хандахгүй гэдгээ хэдийнэ мэдэгдсэн. Тийм байлаа ч сонгуулийн жилийнх гэдгээрээ онцлог. Сонгогдсон тойрогтоо ахиухан мөнгө хуваарилуулах гэсэн гишүүд бүгдээрээ “Сангийн сайд” болно. Сангийн яам, Ч.Хүрэлбаатар сайдыг боорголох гишүүн ганц нэгээр тогтохгүй. Тэр хэрээрээ төсвийг хөөсрүүлэх магадлал нь өндөр. Гэхдээ сонгуулиа бодож байна гээд төсвөө хөөсрүүлэх эрх бидэнд байхгүйг энд сануулах гэсэн юм.

Учир нь, өмнөх Засгийн газруудын үед босгосон “Чингис”, “Дим сам” бондын үндсэн төлбөр болон эргэн төлөлтийг санхүүжүүлэх зорилгоор 2017 онд “Гэрэгэ” бонд гаргасан байдаг. Мөн Хөгжлийн банкны “Евро” бондыг дахин санхүүжүүлэхээр “Хуралдай” бонд гаргасан. Эдгээр бондын өртөг 1.4 их наяд төгрөг. Өнгөрсөн хоёр жилд бондуудын эргэн төлөлтөд Монгол Улс 1.1 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан бол энэ жил болон ирэх онд өр төлөхгүй. Тэглээ гээд тайвширч болохгүй.

Сонгогчдын санал өгөх байдлаас хамаарч ямар ч нам эсвэл гарч ирсэн, Засгийн газар байгуулагдсан сонгуулийн дараагаас мөнгөний эрэлд гарах нь тодорхой.

2021-2024 онд Монгол Улс нийт 3.15 тэрбум ам.долларыг бондын төлбөрт өгнө. Юу үнэн энэ үнэн. Сонгуулиа биш улсаа, ирээдүйгээ бодож ирэх оны төсвөө батлах нь одоогийн парламентад чухал гэсэн үг. УИХ-ын даргын удирдаж байгаа парламент хэрэглэдэг гар утас шиг нь "ухаалаг" байж чадах уу гэдгийг онцлоод буй шалтгаан ердөө л энэ. Ямар сайндаа эрх баригч намын зүгээс “Итгэлийн зээл” гэгчийг санаачилж, жилийн гурван хувийн хүүтэй, барьцаагүй 20 сая хүртэлх сая төгрөгийн зээл олгох төслийг боловсруулаад байгааг нэмж тодотгох хэрэгтэй.