Б.Эрдэнэцэцэг: О.Бат-Өлзий ах намайг үүрээд л явдаг байсан

“Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн юм” хэмээн ээжийнхээ эцсийн захиасыг аавдаа хоолой зангируулан хэлж, хоёр нүдэндээ нулимстай үлдсэн охины дүр үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн болов уу. Магадгүй заримынх нь ой тоонд одоо ч хадаатай байж мэдэх. “Зүрхэнд шивнэсэн үг” киноны гол дүрийн охины дүрийг чадварлаг бүтээсэн түүнийг Б.Эрдэнэцэцэг гэдэг. Тэрбээр айлын том охин. Хүүхэд насандаа кинонд тоглож, хүний сэтгэлийн устыг хөндсөн бүтээл туурвина гэдэг хүн бүрт олдохгүй боломж.

Аав ээжийн алаг нүдэн охин багаасаа дуулж, бүжиглэх авьяастай байжээ. Дөрвөн настайгаа Монголын хүүхдийн ордны дугуйланд явж эхэлсэн тэрбээр “Багадаа их сахилгагүй хүүхэд байсан. “Хар сарнай” хамтлагийн дууг сонсч, дагаж бүжиглэнэ. Гэртээ ирэхдээ, айлд очих бүртээ хүмүүст дуулж, бүжиглэж үзүүлнэ. Кино үзэх сонирхолтой байсан болоод ч тэр үү багаасаа жүжигчин болно гэж боддог байсан. “Уран жиргээ” шүлгийн уралдаанд жил бүр оролцоно. Дүүрэг, улсад  амжилт үзүүлнэ. Аав ээж минь намайг их дэмждэг байсан. Олон медаль ч бий. Харшийн шинэ жилийн наадамд жил бүр оролцож, авьяас чадвараа үзүүлдэг байсан. Хүүхэд насны сайхан дурсамж одоо ч сэтгэлд минь тодхон санагддаг. Жүжигчин болно гэж их боддог байсан. Тиймдээ ч багасаа өөрийгөө хөгжүүлж, өмнөө зорилт тавьж анги дэвшин СУИС-д шалгалт өгсөн боловч харамсалтай нь тэнцээгүй ээ. Тэгээд л сэтгүүлчийн ангид суралцаж, төгссөн.

Нийгмийг эмчилдэг хүмүүс бол сэтгүүлчид. Мэргэжилдээ их хайртай. Радио телевизийн сургуулийг төгсөөд Солонгост мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурсан. Монголдоо ирээд МҮОНТ-д хэсэг ажиллаж байгаад Австрали руу суралцахаар явсан” гэв. Түүнийн хувьд таван настайдаа “Guys 666” хамтлагийн бүтээсэн “Тавилан” кинонд тоглосон нь дараагийн бүтээлд тоглох сэдлийг өгчээ.  Б.Эрдэнэцэцэг нь “Зүрхэнд шивнэсэн үг киноны охины дүрд найман настайдаа тогложээ.

О.Бат-Өлзий: Б.Эрдэнэцэцэг кинонд маш сайн тоглож, дуу оруулалтаа өөрөө хийсэн

Тухайн үед киноны пробонд маш олон охид шалгуулсан ч гол дүрд тоглох охиныг хараахан сонгоогүй, хайсаар байсан гэдгээ гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий ийн дурсан ярьжээ. Тэрбээр “Миний анхны кино. Д.Норовын зохиол “Мөнхийн дуудлага” туужаас сэдэвлэн бүтээсэн. Энэ туужийг би 1980-аад оны үед уншиж байлаа.  Миний сэтгэл зүрхэнд хадгалагдан үлдсэн. Туужаар кино хийнэ гэсэн бодол байгаагүй. Социлизмын үед кино хийх нь хэн хүний санаснаар болдог ажил биш. Цаг үе нь тийм байсан юм. 1990 оны дунд үеэс видео киног уран бүтээлчид хийж эхэлсэн. “Зүрхэнд шивнэсэн үг” киноны зохиолыг бичиж байхдаа дотроо дүрээ бодчихсон байсан. Харин хүүхдийн дүрд проб хийх бодолтой байсан юм. Социализмын үед кинонд дүрээ мөнхөлсөн ажил, амьдралын шаардлагаар хэсэг хугацаанд завсарласан жүжигчдийг дахин тоглуулахыг хүссэн. Тэгэхэд охинд тоглох дүрийг сонгон шалгаруулах зар өгсний дараа Драмын театрт олон хүүхэд ирж пробонд орсон. 7-8 настай хөөрхөн охидууд ирж шалгуулсан ч яг дүрд тохирох хүүхэд олдохгүй байсан юм. Булцгар хацартай, хайр татам, хөдөөний охины дүрд тоглочих хүүхэд хараахан олдоогүй. Дахин зар өгөөд шалгаруулалт хийе гэж эхнэртэйгээ ярилцаад театраас гарч явахад жижүүрийн хажууд охиноо дагуулсан ээж “Пробонд охиноо шалгуулах гэсэн юм” гэлээ. Шалгаруулалт дууссан гэж хэлээд, харсан чинь өтгөн хөмсөг, давхраатай алаг нүдтэй, урт үстэй, унаган төрхөөрөө хөөрхөн охин байсан. Эхнэр бид хоёр харцаараа ойлголцоод шалгаруулалт хийгээгүй шууд авч билээ. Б.Эрдэнэцэцэг кинонд маш сайн тоглож, дуу оруулалтаа ч өөрөө хийсэн. Хүүхэдтэй ажиллах цаанаа л сайхан байдаг юм. Зааж зөвлөөд ерөнхий чиглэлийг хэлээд өгсөн байхад аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг” гэжээ.

С.Сарантуяа эгчтэй төстэй байсан байж магадгүй

 “Та нар яах гэж ирсэн юм. Миний ээжийг үхсэнийг нь дуулаад ирээ юу” хэмээгээд модон хувингаа авч гол руу усанд хөл нүцгэн гүйх киноныхоо хэсгийг үзэх бүртээ уйлдаг гэдгээ тэрбээр нуусангүй. Улаанбаатар хотын унаган хүүхэд түүнд кинонд тоглоход хамгийн хэцүү нь байнга хөл нүцгэн явах байсан гэнэ. Учир нь тэрбээр тухайн үед  хөдөө ч явж үзээгүй байжээ. Киноны зураг авалт Төв аймгийн Сэргэлэн суманд сарын турш үргэлжилжээ. Энэ үед найруулагч Ө.Бат-Өлзий Б.Эрдэнэцэцийг гол гатлахад нь хүртэл үүрч явдаг байсан нь хүүхэд насных нь гэгээн дурсамжийн нэг аж. Өдгөө түүнийг “Кинонд тоглосон охин байна. Чи чадварлаг сайн тоглосон шүү. Багын чинь төрх яг хэвээрээ байна. Амжилт хүсье” гэж ярих хүн олон байдаг аж. Түүнтэй таарсан хүн бүхэн хараад л таньдаг хэмээн эелдэгхэн инээмсэглэх Б.Эрдэнэцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Олон хүүхдээс чамайг шууд сонгосон гэж найруулагч О.Бат-Өлзий ярьсан байдаг. Яагаад чамайг сонгосон гэж боддог вэ?

-С.Сарантуяа эгчтэй төстэй байсан байж магадгүй гэж боддог.Монголын Хүүхдийн ордонд явдаг байсан. Драмын багш маань хэлээд киноны пробонд шалгуулахаар очиход дууссан байсан. Ээж бид хоёр хожимдож очсон. Тэгээд учир байдлаа хэлээд “Намайг шалгаад өгөөч ээ гэж О.Бат-Өлзий ах, С.Сарантуяа эгч хоёроос гуйж байсан. Надаас “Чи уйлж чадах уу, морь унаж чадах уу” гэж асууж байсан юм. Чадна гэж хариулсан санагдаж байна. Энэ кинонд тоглосондоо өөрийгөө азтай гэж бодож явдаг.

-Кино зураг авалт гэдэг хэцүү. Найман настай охины хувьд хүндрэлтэй зүйл тохиолдох нь олон байсан байх?

-Эхэндээ хэцүү санагддаг байсан. Ялангуяа шөнийн зураг авалт. Нойр хүрээд л. Кино багийнхан маань надад их зааж, зөвлөж тусална. Жүжигчин ах эгч нараасаа олон зүйл сурсан. Манайхан майхангаа тойроод үгээ цээжилнэ. Өөрт ногдсон дүрээ бүгд маш сайн гаргасан гэж боддог. Хүндрэлтэй зүйл гэвэл өвс нь дээр хөл нүцгэн алхах байсан.  Хөдөө явж үзээгүй хотын хүүхэд шүү дээ. Зурганд гарахад байнга хөл нүцгэн явна. Гол руу явж ус зөөдөг хэсгүүд их гардаг. Хувингаа даахгүй учраас ээж минь бага ус хийж өгөөд зөөлгөдөг байсан даа. Өөр хэцүү асуудал байгаагүй. Ээж маань хамт байсан.

-Зураг авалт нэг сарын турш үргэлжилсэн гэсэн. Аавыгаа их санасан байх даа?

-Аавыгаа их санасан. Өмнө нь хол байж үзээгүй. Аавыгаа их хүлээдэг байсан. Кино зохиол аавыгаа хүлээсэн охин дүр. Найруулагч О.Бат-Өлзий ах “Манай Б.Эрдэнэцэцэг бодит амьдрал дээрээ ч аавыгаа хүлээгээд баларч байна” гээд өхөөрдөж цаашлуулдаг байсан. Аав ажил ихтэй байсан болохоор нэг удаа ирж, уулзсан юм.

-Дүрийнхээ гүйцэтгэлийг дутуу хийгээд найруулагчдаа зэмлүүлж байсан удаа бий юу?

-Зэмлүүлсэн тохиолдол байхгүй. Харин ч намайг кино багийнхан хайрлаж, зөөж өгдөг байсан. Ээж хамт байсан болохоор харин ч сайхан байсан санагдаж байна. О.Бат-Өлзий ах намайг байнга үүрч явдаг байсан.

-Дүрдээ орж тоглоход хамгийн хэцүү нь аль хэсэг байсан бэ?

-Ээж маань өөд болсон мөн “Миний ээжийг үхсэнийг нь мэдээд ирээ юу” гэж хэлдэг хэсэг л хэцүү байсан.“Зүрхэнд шивнэсэн үг” кино хүний зүрх сэтгэлийг хөндсөн бүтээл. Киногоо үзэх бүртээ тухайн агшныг мэдэрч үздэг болоод ч тэрүү уйлчихдаг юм.

-“Мөн ч их хүлээсэндээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн юм” захиас киноны утгыг энгийн үгээр илэрхийлсэн санагддаг?

-Энэ үг киноны гол зангилаа гэж боддог. Хүмүүс аав руугаа гүйж байна гэж бодтол ээжийнхээ захиасыг хэлдэг. Хүн хүнээрээ дутаж амьдардаг. Эмэгтэй хүн байх ямар хэцүү байдгийг харуулсан. Ээж, эхнэр, охин гурав нэг л хүнийг хүлээж байгаагаар амьдралыг өгүүлсэн.

-“Зүрхэнд шивнэсэн үг” кинонд тоглосон охин байна гэж хүмүүс хэр таньдаг байв?

-Хүмүүс хараад л танина. Бага байхад, одоо ч гэсэн таниад урам хайрладаг. Энэ кинонд дүр бүтээсэн нь аав, ээж минь намайг их дэмждэгтэй холбоотой. Бага байхаас балет, хөгжим, драмын дугуйланд явуулдаг байсан. Хүний сэтгэлд хүрсэн сайхан бүтээлд багадаа тоглосондоо талархаж явдаг.

-Кинонд тоглох санал ирдэг үү?

-Таван настайдаа “Тавилан” кинонд тоглож байлаа. Кинонд толгох ирдэг байсан.  Өвөрмонголоос хүртэл ирж билээ. Багадаа бие өвдөөд кинонд тоглож чадаагүй ээ. 

                                                                                                С.Ичинхорлоо