С.Баярцогт: Оюутолгойн татвартай холбоотой сэрэмжлүүлэх зайлшгүй шаардлагатай юм байна

Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээ болон түүнтэй холбоотой зарим асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Одоогоос 30 хоногийн өмнө Оюутолгойн гэрээ байгуулсны 10 жилийн ой болсон. Энэ өдрийг Засгийн газар, Оюутолгойгоос дуугүй өнгөрөөсөн. 2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улс бие дааснаасаа хойш хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Энэ нь гуравдагч орны зүгээс хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан байсан. Цаг хугацааны алтан боломжийг ашиглан монголчууд бид энэ гэрээг хийж чадсан. Энэ ойн хүрээнд Оюутолгойн гэрээний ажлын хэсэгт ажилласан нийт төрийн албан хаагч, гэрээг хэлэлцэж баталсан УИХ-д баяр хүргэх нь зүйтэй.

Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтуудын тухай 500 гаруй хуудастай товхимол гаргалаа. Учир нь 2018 онд АТГ-аас Оюутолгойн гэрээтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, хорьсон. Намайг сэжигтэн, яллагдагчаар татсан үндэслэл нь Оюутолгойн гэрээний Монголд ашигтай нэг заалт, гэрээг хүчинтөгөлдөр болгоход Монгол Улсад үр өгөөж нь 434 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээг буруутгасан. Зарим хууль хүчний байгууллагууд энэ гэрээний зарим зүйл заалтыг мэдэхгүй байгаа юм байна гэж тухайн үед бодож байв. Улмаар АТГ-аас үүнтэй холбоотой асуудлаар дөрвөн бүлэг шинжээч томилсон. Үүнд, банкны чиглэлийн болон МУИС-ийн хуулийн багш нар, Аудитын газар, Татварын ерөнхий газраас бүрдсэн дөрвөн хэсэг шинжээчид байсан. Эдгээрийн гурван бүлэг нь Оюутолгой гэрээний тухай сөрөг дүгнэлт гаргаагүй. Харин Татварын ерөнхий газраас гарсан байцаагчдаас уг гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, хохирол учруулсан гэж гаргасан. Үүнээс харахад уг гэрээг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид мэдлэг мэдээлэлгүй байна.

Дөрөвдүгээрт, Татварын ерөнхий газраас гаргасан дүгнэлтэд 41 зүйлийг хөндсөн байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээний 33 заалт, Хувь нийлүүлэгчдийн гэрээний найман заалтыг зөрчсөн байна. Эдгээрийг харахад 97 хувь нь алдаатай, үлдсэн нь хэрэгжилттэй холбоотой заалт байна. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүс дүгнэлт гаргахдаа УИХ-ын хууль тогтоох онцгой бүрэн эрхэд халдсан, Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдэлд халдсан дүгнэлт гаргасан. Мөн хуулийн зүйл заалтад үг үсэг нэмж алдаатай гаргасан. Эдгээрийг үндэслэн шүүх шийдвэр гаргавал ямар эрсдэл учирч байна гэвэл бид Оюутолгой компаниас авах ёстой олон төрлийн татварыг дутуу авах эрсдэл үүснэ. Тиймээс сэрэмжлүүлэх зайлшгүй шаардлагатай.

Мөн зарим улстөрчдийн зүгээс Оюутолгой төсөлтэй холбоотой мэдээлэл 10 жил нууц байсан гэж иргэдийг төөрөгдөлд оруулсан худал мэдээлэл гаргаж, ном зохиол бичсэн. Тиймээс соён гэгээрүүлэх ажил тасралтгүй хийх ёстой, шийдвэр гаргагчдыг бодитой мэдээллээр хангах ёстой. Учир нь Монгол Улс уг төслөөс хүртэх үр өгөөж их хэмжээгээр багасах эрсдэл байна. Энэ товхимолд одоо хүчинтөгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт, өөрчлөлт оруулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ, хувьцааг Засгийн газрын зөвшөөрөлгүй борлуулахгүй байх гэсэн дөрвөн гэрээ монгол, англи хэл дээр гарсан. Мөн тухайн үед хүчинтөгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг хавсаргасан.

Түүнчлэн Оюутолгойн гэрээг зурагдахын өмнө 2009 оны наймдугаар сарын 79-25-ны хооронд ээлжит бус чуулган болсон. Тухайн үед гишүүд юу хэлсэн, ямар санал өгсөн талаарх хуулбарыг УИХ-ын Тамгын газраас авч хавсаргасан.

Энэ ном дараа дараагийн хөрөнгө оруулалтын гэрээ хийхэд жишиг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.