Ч.Сайханбилэгийн хөлсөлсөн “Amsterdam&Partners” компани Монголын хуулийн байгууллагад нөлөөлөх боломжгүй

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ч.Сайханбилэг нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаатай холбогдуулан АТГ-аас тайлбар өглөө.


Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхэслсний дараа “Amsterdam&Partners” компани түүнд өмгөөллийн туслалцаа үзүүлэх болсон талаараа өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байдаг. Улмаар  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд мэдэгдэлдээ Ч.Сайханбилэгийг АНУ-ын иргэншил хүссэн талаар мэдээлсэн байдаг.

Гэвч удалгүй тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “би иргэншил хүсээгүй” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл “АТГ-аас Ч.Сайханбилэг нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны зургадугаар сарын 13-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах эрхээс хууль бусаар татгалзаж, УИХ-д танилцуулалгүй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бус давуу байдал олгож худалдах шийдвэр гаргасны улмаас улсад 9.5 их наяд төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр 2019 оны тавдугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар татан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.

Мөн Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдох асуудлаар яллагдагчаар татан шалгаж байгаа. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр Ч.Сайханбилэгт хэргийн оролцогч нартай уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч мөрдөгч, прокурор нарт мэдэгдэлгүйгээр 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр УБ-Сөүл чиглэлийн онгоцоор хилээр гарсан. Нийслэлийн прокурорын газраас 2019 оны аравдугаар сарын 25, арваннэгдүгээр 14, арваннэгдүгээр сарын 15, арванхоёрдугаар сарын 09-ний өдөр тус тус мэдэгдэх хуудсыг хуульд зааснаар гэр бүлийн хүмүүст нь өгсөн боловч мэдэгдэх хуудаст заасан хугацаанд ирээгүй. 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоонд “Хөх булант” зар нийтлүүлэхээр хандсаны дагуу Ч.Сайханбилэг нь 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр АНУ руу нэвтэрснийг тогтоож хариу өгсөн.

Тиймээс гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шилжүүлэн авах зорилгоор байгаа газрыг тогтоолгож, эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2019 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр гаргасан. “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах эрх зүйн үндэслэл нь цагдан хорих шүүхийн шийдвэртэй байхыг шаарддаг. Тиймээс НПГ-аас шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Сайханбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг энэ оны нэгдүгээр сарын 08-ны өдөр гаргасан. “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах хүсэлтийг нэгдүгээр сарын 10-ны өдөр Интерполын үндэсний төвд хүргүүлсэн. Бидэнд байгаа мэдээллээр Ч.Сайханбилэг нь АНУ-д хуулийн фирм хөлслөн түүгээр дамжуулж Олон улсын нрүүгийн цагдаагийн байгууллага Интерполд Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд улс төрийн зорилгоор мөрдөн мөшгиж байна гэх ор үндэсгүй мэдээлэл өгч гомдол гаргасан байна. Үүнээс шалтгаалж “Улаан булант” зар мэдээ нийтлэгдэхгүй байна. Тиймээс тус байгууллагад албан захидал илгээх болно.

Дурын гаднын байгууллага гарч ирээд манай улсын хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөөд байх боломжгүй. Тэгээд ч манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хуульчийн сонгон шалгаруулалтад орсон, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх авсан, шүүхэд бүртгэлтэй этгээд л өмгөөлөгчөөр ажиллах зохицуулалттай” гэлээ.