С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Тэр нэгэн намрын зэврүүн өдөр
Яагаад ч юм түүний тухай уншаад өөрийн эрхгүй бичмээр санагдлаа. Жирийн нэгэн биш олон арван рекорд эзэмшигч түүний амжилтын карьер нэг л эцэслэсэн нь жигтэй бөгөөд хамарсалтай санагдсан болохоор тэр. Тэр нэгэн намрын зэврүүн өдөр тэрбээр тийм осолтой таараагүй бол өдгөө эгэлгүй нэгэн тамирчны хувиар он цагийн хэлхээс, өөрийн амжилтаа бататгах байжээ.
“Одоогоос 40 жилийн өмнө нэгэн орос залуу тамирчны замаа орхиж зодог тайлжээ. Спортын ертөнцөд ийм явдал хэдэн мянгаараа л болж байдаг. Гэвч энэ удаа жирийн тамирчин биш байлаа. Тэр дэлхийн 11 удаагийн рекордыг эзэмшигч, 17 удаагийн дэлхийн аварга, 13 удаагийн Европын аварга, 7 удаагийн ЗХУ-ын аварга хүн байлаа. Ийм намтартай тамирчин хуруу дарам цөөн билээ.
1976 оны есдүгээр сарын 16-ны намрын зэврүүн өдөр Ереван хотод далан дээгүүр явж байсан тролейбус далангаас усанд унажээ. 10 метр цүнхээлийн гүнд 92 зорчигч амьдаараа булшлагдсан нь тэр. Хэрэв яг тэр үед усны гүний шумбалтын дэлхийн олон удаагийн аварга, олон рекордын эзэн Шаварш Карапетян нуурын эрэг даган бэлтгэл хийн гүйж байгаагүй бол тэр олон хүн бүгд амьд үлдэх ямар ч боломжгүй болсон байв. Хожим нь мэргэжилтэнүүд Шаваршын хийсэн үйлдлийг зүгээр нэг цусан зүрхтэн хийх зүйл биш байсан гэж дүгнэсэн байдаг. Тэр унасан тролейбусны араас шумбан орж, арын цонхыг хөлөөрөө хагалаад ухаан алдсан зорчигчдыг татан гаргаж эхэлжээ. Нэг хүн гаргахад 20 гаран минут хүйтэн усанд шумбаж байжээ. Нийт хорин хүний алтан амийг аварсан бөгөөд татаж гаргасан хүний тоо хамаагүй олон байсан гэдэг. Харамсалтай нь түүний аварсан зарим хүн амьд үлдэж чадаагүй байна. Түүнийг ээлжит хүнээ татан гаргах үед эрэг дээр байсан хүмүүс бүх бие нь шилэнд зүсэгдсэн байхыг олж харжээ. Хожим нь түүнээс хамгийн аймшигтай санагдсан зүйл юу байсан бэ? гэж асуухад ”Би хэчнээн бэлтгэл сайтай байсан ч тодорхой тооны хүнийг л аварч чадахаар байсан. Усны гүнд үзэгдэх орчин огт байхгүй байсан тул би тэмтэрч байгаад таарсан хүнээ татаад дээш гарч байсан. Нэг удаад нь усны мандалд гараад хартал би суудлын арьсан дэрийг барьсан байгаагаа мэдсэн. Үүнийг хараад миний алдааны үнэ цэнэ нэг хүний амиар хэмжигдсэнийг ойлгосон. Сүүлд нь би тэр дэрийг олон удаа зүүдэлсэн” гэжээ.
Түүний байгуулсан энэ гавъяа хоёр уушгийг нь нэвт хатгаагаар өвдүүлж, голын ус руу хотын бохирыг шууд хаядаг байснаас цусанд нь бохир орж бүх биеийн цус нь бохирдож хүндэрчээ. Эмч нар маш их хүчин чармайлт гаргаж амь насыг нь аварсан боловч спортын амьдралдаа эргэн орох ямар ч боломжгүй болсон гэдэг. Ингээд тэр хөгжлийн бэрхшээлтэй болж өөрийнхөө гайхамшигтай авьяасыг насан үүрд үгүй хийсэн боловч бусдад бэлэглэсэн хайр энэрэл нь түүний туулсан аймшигт мөчүүдээс хэд дахин илүүг бусдад өгчээ.