Хайр гэрэлтүүлсэн гэр бүл

Амьдрал олон өнгөтэй. Аз жаргалын цагаан, уйтгар гунигийн хар, эрч хүчийн улаан зэрэг өөр өөрийн бэлгэдэлтэй. Хуйсагнуур салхи шиг өдөр бүр өөр өөр өнгөөр үргэлжлэх нь бий. Гэхдээ нар гарч, тэнгэр цэлмэж, модод навчсаа гөвж, шаргал намрын дүр зураг нүдний өмнө дүрслэгдэхэд хайртай хосууд хамтдаа хөтлөлцөж, хотын гудамжыг чимэх нь хорвоогийн хамгийн тод өнгө болж, сэтгэлд буудаг. Хайр сэтгэлийн нандин түүхээ хүмүүний амьдралын хуанлид сийрүүлж яваа П.Оюунбаатарын гэр бүлийг “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” цувралдаа урьж, оролцуулсан юм.

Хоёр хүү, охины хамт амьдардаг өрхийн тэргүүний хувьд сурлага сайтай, ангийнхаа цэвэр бичигтэн, сургуулийнхаа үлгэр жишээч сурагч байсан гэнэ. Англи хэл, мэдээлэл зүй, математик, биеийн тамирын хичээлдээ сонирхолтой. Өөрийгөө үргэлж хөгжүүлж, сургалт дамжаанд суралцдаг нийгмийн идэвх сайтай нэгэн байжээ.

Түүний үзэсгэлэнт гэргийг Б.Отгондэлгэр гэдэг. Дуу цөөтэй ч нийгмийн идэвх сайтай, хичээлдээ шамдан суралцдаг сурагч байжээ. Илтгэл тавьж, шүлгийн тэмцээн болон нийгмийн олимпиадад оролцоно. Англи хэл, нийгмийн хичээлдээ манлайлж сурдаг сурагч байсан талаар дурсав.

Б.Отгондэлгэр олон охинтой айлд өсч, хүмүүжсэн. Аав нь ажилсаг. Өглөө гараад орой унтаж байхад нь ирнэ. Амралтын өдрөөр гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрөөсөн үе түүний сэтгэлд дурсамж болон үлджээ. “Амралтын өдрөөр аав ээж хоёр бидэнд цаг гаргаж, хамт байна. Баянбүрдэд гэр бүлээрээ бассейнд орж, сэлнэ. Дараа нь хоолонд орно. Харихдаа Меркури зах орж хүнсээ авна. Бид тав буцаж явахдаа “Аав ээждээ баярлалаа” гээд нэгэн дуугаар хэлдэг байлаа. Том эгч нэг хоёрын гурав аа гээд команд өгнө. Хүүхэд насны минь хамгийн сайхан дурсамж даа” гэв.

No description available.

Тэрбээр багын шүлэг, дууны үг зохиож, тэмдэглэл хөтөлнө. Англи хэлнээс монгол руу дууны үг орчуулна. Гэрийнхнийгээ байхгүй үед дагаж дуулна. Дүү нь түүнээс ой найман сарын зөрүүтэй төрсөн учраас эрхлэж үзээгүй гэдэг. Отгон охин гээд эрхлэх хүсэл их байсан ч бүтэлгүйтсэн хэмээн инээмсэглэв. Харин одоо гурван хүүхдийн ээж болсон бүсгүй дунд хүүдээ халамж сайн тавьж, хайрлана.

Харин П.Оюунбаатар багаасаа сагс, газрын теннис тоглохын зэрэгцээ спортоор хичээллэж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг байв. Дөрвөн хүүхэдтэй айлын отгон хүү аавдаа үүрүүлж цэцэрлэгтээ явж, ээждээ тэврүүлж харьдаг эрх танхил байсан гэнэ. Одоо ч ээждээ эрхэлдэг хэвээрээ. Өөрөө үр хүүхэдтэй болсон ч ээждээ үргэлж, нялхаараа харагддаг болов уу.

Арван жилийн сургуулиа төгсч, амьдралын замруу алхам алхмаар ойртоно. Б.Отгондэлгэр дизайнер болох хүсэлдээ хөтлөгдөж сургуульдаа элсэн орсон ч гуравдугаар курстээ ээж болжээ. Хүүхдээ төрүүлсний дараа мэргэжил сонголтынхоо талаар дахин бодож, хүүхэд рүү чиглэсэн ажил хийх шийдвэрийг гаргасан байна. Хүүгээ нэг нас хүрэх үед аав ээждээ үлдээгээд Австрали руу суралцахаар явжээ. “TAFE NSW баклаварт суралцаж мэргэжлээрээ таван жил ажиллаж байна. Тэгэхээр хүний амьдралд мэргэжил сонголт маш их нөлөөтэй. Би энэ мэргэжлийг  сонгосон юм чинь яаж хийж байгаад төгсөнө гэх биш. Төгсөж ирээд монголдоо яг энэ чиглэлээрээ ажиллаж байна. Хэрвээ үнэхээр чиний хийх юм жинхэнэ дуудлага биш л бол мэргэжлийг солих бүрэн эрх чөлөөтэй, айдасгүй байгаасай гэж боддог. Нөхөр хүүгээ санаад дөрвөн сарын дараа татаж авсан байдаг юм” гэсэн юм.

Амьд хөгжмийн эвент дээр танилцаж, амьдралын замналаа холбогджээ

Хорвоогийн олон мянган хүнээс хоёр биенээ олж, учирна гэдэг хувь тавилан. Тэд амьд хөгжмийн эвент дээр анх танилцжээ. П.Оюунбаатарт тухайн үед суудал олдоогүй учраас Б.Отгондэлгэрийн танил сэтгүүлч охин нэг ширээнд суулгасан байна. “Ахаа ийшээ суу” гэж хэлснээр хамтдаа суув.

П.Оюунбаатар хамтлагт дуулна. Эвлэгхэн хоолойтой. Энд тэнд тааралдана. “Гоё дуулдаг ах байна, үс нь арай эмо тайралттай юм” гэж бодож явсны эцэст жилийн дараа хайр сэтгэлийн холбоотой болж ахаас хайраа гэдэг үг рүү шилжсэн гэнэ.

Тэд танилцсан оройноо хамтдаа Зайсан гарч, хөгжмийн талаар ярилцаж алхаж, гэрт нь хүргэж өгсөн гэдэг. Анхны болзоо яг л найзууд шиг хөгжим, хобби ярьсан. П.Оюунбаатар “Уулзъя. Очоод авъя” гэсэн зурвас илгээнэ. 18 настай амьдралд хөл тавьж байгаа охины хувьд хайр дурлалд итгэхгүй, үерхэх хүсэлгүй даруухан нэгэн байснаа хэлж байсан юм. Гэвч хайрын өмнө халуун зүрх хүртэл хайлж, үерхлийн үнэ цэнийг мэдэрдэг нь хорвоогийн жам.

Хамтдаа алхаж, хоорондоо их ярилцана. Б.Отгондэлгэрт даруухан, мэдрэмжтэй. Эмэгтэй хүнийг ойлгож сонсдог үг тасалдаггүй, хөгжим, номонд дуртай байдал таалагдаж, татагдаж дурлаж, хайрласан байна. Харин П.Оюунбаатарт  бүхий л зүйл нь таалагдаж, дурлажээ.

Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хоорондоо сайн ярилцаж, хоёр бие рүүгээ уртаас урт үгтэй зурвас бичиж илгээдэг байна. “Одоо ч бие биедээ туних зүйл гарсаар байна. Үг гэдэг зүйл хэзээч хүнийг бүрэн илэрхийлж чаддаггүй. Бие биедээ маш их хайртай гэдгээ мэдэрвэл бүхнийг ухаанаар шийдэх боломжтой гэж боддог. Одоо гурван хүүхэдтэй болохоор аль болох гомдох, туних зэрэг асуудалд цаг хугацаа өгөхийг эрмэлздэггүй. Хамт байх хором бүхэн үнэ цэнэтэй. Нэгэндээ ном уншиж өгөх, кино хамт үзэх, хоолоо хамт хийж, идэх, хүнсээ цуглуулах зэрэг амьдралын жижиг зүйлсэд талархаж хүлээж авч сурч байна” хэмээв.

No description available.

Хоёр биенээ хүндлэхээс хайр эхэлдэг ч хорвоо дэлхийд олон төрлийн хайр байдаг. Түүний дундаас эрэгтэй эмэгтэй хүний хайр бол итгэлцэл дээр тогтож, үр удмаа үргэлжлүүлэх нандин холбоосоор учирсан хайр юм.П.Оюунбаатарын гэр бүл хүндлэл хайрын нэг хэл юм гэж байсан юм. Тэд үргэлжлүүлэн хайртай хүнийхээ орон зай, оршин байгаа бүхэнд хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй гэдгийг тодотгож байсан юм.

Б.Отгондэлгэр ханьдаа зориулж чин сэтгэлийн  захидал бичиж, мэндчилгээ илгээж, хайр сэтгэлийн илэрхийлэл болгож, шүлэг тэрлэж өгнө. Ажлын ачаалал ихтэй, эсвэл гундуухан байх үед нь тасалгааны цэцэг, үнэртэй ус бариад зориод очно. Тэр бүхэнд хань баярлаж, догдолж хүлээж авна.

Харин П.Оюунбаатар гэргийдээ зориулж амттай хоол хийж өгөх дуртай. Хөгжим сонсч, алхах дуртай түүнд чихэвч авч өгөхөд маш их баярласан гэдгийг Б.Отгондэлгэр хэлж байлаа. Хоол хийж чаддаггүй байсан ч хайртдаа зориулж хийсээр байгаад албан ёсны тогоочийн зэрэгтэй болсон байна. Сэтгэл байхад бүх зүйл болдог гэдэг.

Хүүхэд аавын ээжийн тусгал учраас үүрэг, хариуцлагаа ухамсарлах учиртай

Гэр бүлд гэгээ нэмж, аз жаргалын амтыг илүү их мэдрүүлдэг үе бол шинэ хүнээ хүлээж авах торгон агшин. Тэдний хувьд хүү нь хорвоод мэндлэхэд баярлаж, гайхах зэрэгцсэн гэнэ. Хэсэгтээ учраа олохгүй үе ч байж. Хоёр ээж нь тусална. Халамжилж санаа тавина. Б.Отгондэлгэрийн хувьд аав ээждээ анхных нь зээг төрүүлж өгсөн болохоор хайр халамжийг харин ч их мэдэрчээ. “Үгээр илэрхийлшгүй маш сайхан мөч. Эмэгтэй хүн хүүхэдтэй болоход амьдралд нь асар их эерэг өөрчлөлтүүд бий болно. Хүчирхэг, бие даасан ээж болж хувирдаг шүү дээ. Өөрийгөө боддог аминчхан үзэл бага багаар алга болдог юм уу гэж боддог. Амьдралын үнэ цэнэ, утга учраа олох боломж бий болно. Шинээр эхлэх, хуучнаа орхих, урам зоригтой шинэ чиглэл рүү явдаг” гэсэн юм.

Хүүхэд бол аав, ээжийн тусгал. Тиймээс бид хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагатай. П.Оюунбаатарын гэр бүлийн хувьд үглэх биш үлгэр замаар харуцлагатай хандаж, хүүхдэдээ итгэх, харилцахаас эхлээд жижиг зүйлд ч анхаарал хандуулна. Эрүүл энх өсгөх нь эцэг, эхчүүдийн хүсэл. Тиймээс шим тэжээлтэй хоол бэлтгэхэд анхаарна. Гэр бүлийн хувьд гишүүн бүрийн нас хүйс сэтгэлгээний онцлогоос шалтгаалан зөв харилцах гэх мэт зохицуулалт хийх нь хариуцлагын нэг хэсэг гэж ойлгодог байна.

No description available.

Тэд бусдын адил байр, цалингийн зээлтэй. Өөрсдийгөө цаг үргэлж хөгжүүлж, ирээдүйгээ төлөвлөдөг байна. Эргэлзээ, айдас гэх мэт сул тал дээрээ суурилж, бүхний бодитоор харж, урагшлах хэрэгтэй хэлж байсан юм.

“АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ”-ийг тэд аз жаргал бол харьцангүй ойлголт. Жаргасан ч зовсон ч нэг л янзаараа орших нь жаргал. Үнэ цэнэ гэдэг нь одоо байгаа бүхнэндээ талархах юм. Жишээ нь, гэр бүл, аяга халуун хоол, хүүхдийн инээд,  дуртай хөгжим, халуун тэврэлт ч үнэ цэнэтэй гэж боддог” гэлээ.

Хүүхдийн цангинах инээдээр дүүрсэн энэ гэр бүлийн нэг өдөр өглөөний 6.00 цагт эхэлнэ. Гэрийн эзэгтэй эртлэн босч, иог хийж, цайгаа бэлтгээд ууж суухдаа подкаст, итгэл сонсонгоо өдрийнхөө ажлыг төлөвлөж бичнэ. Ханийх нь хувьд ном уншиж өглөөг эхлүүлнэ. Хичээлтэй үед Б.Отгондэлгэр том хүүгээ сургуульд нь хүргэж, өгчихөөд ажилдаа явна. Хоёр бага нь аавтайгаа хамт цэцэрлэгийн албандаа явдаг байна. Ажил, цэцэрлэг, сургуулиас тарж ирээд хамтдаа хооллож, хичээлээ хийж,  кино үзэж, цэцэрлэгт хүрээлэнгээр алхана. Амралтын өдөр ууланд алхаж, агаарт гарах, эмээ өвөөгийндөө очих зэрэг өнгөрнө.

 С.Ичинхорлоо