С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Нийгмийн сүлжээгээр хяналтгүй “давалгаалах нь” хүчирхийлэгчдэд сэдэл өгдөг
УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцав.
Эхлээд Хүүхдийн эрх хамгааллын “Үжин” төвд ажиллалаа. Тус төв бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдэд нөхөн сэргээх 12 төрлийн үйлчилгээг үзүүлдэг юм байна. Гэр бүлийн орчныг бүрдүүлдэг учраас орны багтаамжаас шалгаалан 6 хүүхдийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай ч одоогийн байдлаар 13 хүүхэдтэй байна. Гэр бүлийн харилцааны сөрөг тал, архины хамааралтай эцэг эх, салалт зэрэг нь хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл болж байгааг тус төвийн захирал Д.Ундраа хэллээ. Тэрбээр, “Орон нутгийн хэмжээнд баг, хороо, сум дүүргийн Засаг дарга нар хүн амынхаа талаар бүрэн мэдээлэлгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэггүй, эрүүл мэндийн байгууллагуудын хандлага муу, цэцэрлэг, сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтнууд хүүхдүүдэд хүчирхийллийн эсрэг сургалт, мэдээлэл өгдөггүй зэрэг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байдлаас болж хүүхэд хохирдог. Орон нутгийн Засаг дарга нар малынхаа тоог цээжээрээ хэлдэг атлаа хүүхдийн тоогоо тэр дундаа эрсдэлт бүлгийн өрх, хүүхдийн тоог огт мэдэхгүй байдаг. Төрийн бодлого шийдвэрүүд ихэвчлэн “өнгөрсөн борооны араас цув нөмрөх” гэдэг шиг хүчирхийлэл болсны дараа хамгаалахад чиглэж байна. Иймд хүүхдүүдэд бага наснаас нь хүчирхийллийн талаарх мэдлэгийг насны онцлогт нь тохируулан өгдөг байх сургалтын хөтөлбөртэй болох зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, олон улсад сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт “бахирах” буюу “чиний биед хэн ч зөвшөөрөлгүй хүрч болохгүй. Хэрэв хүрвэл хашгирч бусдад мэдэгдэх ёстой” гэдгийг нь ойлгуулдаг. Төсөв мөнгөний хүрэлцээ муутайгаас мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудыг тогтвортой ажиллуулахад хүндрэлтэй байдаг. Хамгаалах байранд нэг хүүхдийг 3 сараас 1 жил хүртэлх хугацаанд байлгах боломжтой. Одоогийн байдлаар хамгийн удаж байгаа хүүхэд 7 сар болсон байна. Хүүхдийн хөгжил хамгааллын зардлаас авсан төсөв байрны түрээс, цахилгаан, дулааны төлбөрт таардаг” гээд түр хамгаалах байрны асуудлыг бодлогын хэмжээнд шийдэж өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас хүсэв.
Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүд сэтгэл санааны хүнд хямралтай, амиа хорлохыг хэд хэдэн удаа оролдсон, бэлгийн замын халдварт өвчинтэй байдаг учраас чадварлаг, мэргэжлийн нийгмийн ажилтантай байх шаардлагатай байдаг байна. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй. Төрөөс үнэ төлбөргүй өмгөөллөөр хангах ёстой ч тэдгээр өмгөөлөгчдийн ур чадвар муу, шүүх хуралдаандаа ирдэггүй зэрэг асуудлууд тулгардаг. Хүчирхийлэл үйлдэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралд орж байхад хохирогчид өмгөөлөгчгүй байдаг талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун, төвийн захирал Д.Ундраа нар хэлж байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хийсэн судалгаагаар нийгмийн цахим сүлжээгээр хүчирхийллийн талаарх мэдээллийг хяналтгүйгээр цацаж байгаа нь нэг талаар сэрэмжлүүлэг болдог ч нөгөө талаар хүчирхийлэгчдэд “ингэж болох юм байна” гэсэн сэдэл өгдөг нь тогтоогджээ.
Бэлгийн хүчирхийллийн хохирогчид зөвхөн охид байхаа больж, сүүлийн үед хөвгүүдийн асуудал ч яригдах болсон байна. Тиймээс зөвхөн ялын бодлогоор бэлгийн хүчирхийллийн асуудлыг шийдэхгүй. Урьдчилан сэргийлэх ажлыг хийх нь хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Гэр бүлийн орчин, архидалтаас болж хүүхэд хүчирхийллийн хохирогч болдог
Үүний дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцав.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр нь бэлгийн, сэтгэл санааны, хөдөлмөрийн мөлжлөгийн, бие махбодийн, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг байна. Тэдгээр хүүхдүүдийн аюулгүй байдлыг нь хангах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, сэтгэл зүй, боловсрол, асран халамжлах, холбон зуучлах үйлчилгээг энэ төвийнхөн үзүүлдэг аж.
2018 онд нийт 995 хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаас 34 тохиолдол нь бэлгийн хүчирхийллийн хохирогч байна. Үүнээс 12 хүүхэд нь орон нутгаас байжээ. Хүчирхийлэл үйлдсэн шалтгаанд архины хамааралтай, харилцааны асуудалтай эцэг эх, гэр бүл салалт, эцэг эх түр хугацаагаар тусдаа амьдарч байгаа, хойд эцэг, эхтэй байх зэрэг нөлөөлжээ.
Он гарсаар нийт 250 гаруй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Түр хамгаалах байр 22 хүүхэд хүлээн авах боломжтой ч одоогийн байдлаар 36 хүүхэдтэй байна. Хуулийн хүрээнд 72 цаг хамгаалах ёстой ч нөхцөл байдлаас шалтгаалан 7 хоногоос 3 сар хүртэлх хугацаагаар байрлуулж байгааг ажилтнууд нь танилцууллаа.
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь 24 цагаар тасралтгүй ажилладаг. Өдөрт дунджаар 500-1200 дуудлага хүлээн авдгаас 40 орчим хувь нь зөвлөгөө мэдээлэл авдаг аж. Харин 60 орчим хувь нь зорилтот дуудлага эзэлдэг байна. Тус төв 4 оператортой. Нэг оператор 50 минут ярих шаардлагатай. Байнга сөрөг мэдээлэл сонсож, ярилцдаг учраас ажлын ачаалал ихтэйн дээр сэтгэл зүйн хямралд өртдөг байна. Дөрвөн ээлжийн нийгмийн ажилтантай бөгөөд шөнөдөө хоёр хоёроороо ажилладаг гэнэ. Энэ оны байдлаар нийт 29 хүүхэд ирснээс хамгийн бага нь 9 сартай байжээ. Яаралтай тусламжийн ганцхан машинтай байдаг нь ачаалал ихтэй үед хүндрэл үүсгэдгийг тус төвийн захирал С.Отгонсүрэн УИХ-ын даргад уламжилсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “Маргааш (2019.05.08) хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар УИХ-ын гишүүдийн санаачилгаар хяналтын нийтийн сонсгол зохион байгуулна. Бүх салбарын төлөөлөл оролцож асуудлыг нарийн ярилцаж, гарц шийдлийг олно. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог тодорхой болгох шаардлагатай. Тиймээс та бүхэн энэ сонсголд заавал очиж оролцоорой” гээд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд УИХ онцгой анхаарал хандуулж, ойрын үед холбогдох хууль тогтоомж гаргахаар ажиллаж байна гэлээ.