Таны, миний төлөө цаг наргүй ажилладаг цагдаагийн алба хаагчид

23.00 цаг өнгөрч байхад та юу хийж байдаг бол. Ихэнх хүмүүс өдрийнхөө алжаалыг тайлж амрахаар зэхдэг бол зарим нь бүр унтчихсан байдаг. Харин өдөр нь үндсэн ажлаа хийж, шөнө нь  үргэлжлүүлэн иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалж ажилладаг хүмүүс бол цагдаагийнхан.  БЗД-ийн Цагдаагийн II хэлтсийн шөнийн бие бүрэлдэхүүний хариуцлагатай ажлыг гүйцэтгэн хонож буй цагдаагийн ахмад М.Отгонсүрэнг “120 МИНУТ” цуврал сурвалжлагаар уулзуулж байна. Шөнө болж байгаа хэдий ч тус хэлтэс хөл хөдөлгөөн ихтэй. Цаг минут өнгөрөх бүрт дуудлага ирж,  жижүүрийн хэлтсээс эргүүлийн цагдаа нарт ээлжлэн хуваарилж өгч байв. Тэд ч авсан дуудлагын дагуу хэрэг гарч буй газарт очихоор алаг машинаа асаан яаран явах аж. Арга ч үгүй биз. Иргэдийн амь насыг авран хамгаалах тангараг өргөсөн тэдэнд цаг мөч бүхэн үнэтэй.

23:11 минутад бага насны хүүг хөтөлсөн эмэгтэй тус хэлтэст орж ирсэн юм. “Энэ хүүхэд 18.00 цагаас хойш манай эмийн сангийн үүдний хонгилд зогссон. Хичээл тарж яваа юм байх гэж бодоод хариарай гэж хэлсэн. Ажилтай байж байгаад ахиж гарч чадаагүй. Харих гээд гарч ирэхэд зогсч байхаар нь гэр нь хаана байдаг талаар асуухад “Зайсанд байдаг” гэхээс өөр зүйл хэлсэнгүй” гэв.  М.Отгонсүрэн ахмад хүүг хүлээн авч хэнтэй явж байгаад төөрсөн, гэр нь хаана байдаг, хэддүгээр сургуульд сурдаг. Гэр бүлийнхэн болон багшийнх нь утасны дугаарыг хүүгээс лавлаж, яаралтай арга хэмжээ авч, ирж авахыг эгчид нь утсаар ярьж хэлсэн юм.

“Ээж бид хоёр энд ирсэн юм. Намайг хүлээж байгаарай гээд найзындаа орсон. Ээж архи уухаараа намайг мартаад яваад өгдөг юм. Өглөөнөөс хойш юу ч идээгүй. Өлсч байна. Харанхуй болохоор айж эхэлсэн. Хүн аваад явчих вий гээд эмийн сангийн үүдэнд зогсоод байсан юм” гэж хүү хэлэв. Хүүгийн ярианаас ээж нь архи уудаг нь хэн хүнд ойлгомжтой. Хүү эгчийгээ хүлээж, хичээлдээ явах дуртай, толгой өвддөг болохоор ээж нь явуулахгүй байгааг ярьж, хүлээлгийн танхимд хэсэг суув. Энэ үед ахмад М.Отгонсүрэн ундаа, идэх юм барьсаар гаднаас орж ирлээ. Дэлгүүр орсон бололтой. “Миний хүү үүнийг идээд, ундаа уугаад эгчийгээ хүлээгээд сууж байгаарай” хэмээн эелдэгхэн хэлж буйгаас эх хүний сэтгэлээр энхрий үрсэд ханддаг нь харагдаж байлаа.

Биднийг ийн ярилцах зуур гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирж, эргүүлийн цагдаа нартай хамтдаа хэрэг болсон газар очив. Архи уучихсан залууг алаг тэрэгнийхээ ард суулгаж, эрүүлжүүлэх байр руу авч явсан юм. М.Отгонсүрэн ахмадтай хамт тус айлд ороход 40 гаруй насны эмэгтэй хүүхдүүдийнхээ хамт байж байлаа. “Салаад 10 жил болсон. Хоёр охин, зээтэйгээ уулзахаар ирэхдээ элдвээр доромжилж орилж чарилж, хажуу айлуудынхаа амгалан тайван байдлыг алдагдуулах вий гэж бодоод дуудлага өгсөн” гэв. Эргүүлийн офицер болсон явдлын талаар баримтуулж, тэднээс мэдүүлэг авч маргааш дуудахад ирээрэй гэснээр бид тэднийхээс гарсан юм.

Тус хэлтэс БЗД-ийн арван хорооны нутаг дэсвгэрийг хариуцан ажилладаг. Шөнө гэлтгүй өдөр ч цагдаа нар аваар осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр хариуцан авсан хорооныхоо нутаг дэвсгэрээр цаг тутамд эргүүл хийдэг. Ингэснээр дээрэм, танхай, хүчирхийлэл зэрэг олон аюулаас иргэдийг хамгаалдаг байна. Цаг өнгөрөх тусам дуудлага ирэх нь ихэсдэг талаар эргүүлийн цагдаа нар хэлж байсан юм.

Дараагийн дуудлага 13 дугаар хороололд байрлах пабд үйлчлүүлж байсан эмэгтэй хамт явж байсан залуудаа зодуулж, утсаа булаалгасан гэх дуудлага байв. Биднийг очиход 30 орчим насны эмэгтэй баруун шанаагаа дарсан байдалтай бага хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн байлаа. Тэрбээр “Хамт ажилладаг байсан залуутайгаа орж ирсэн юм. Гэтэл гэнэт утсаараа бичлэг хийж, элдвээр доромжилж эхэлсэн. Би харих гээд тооцоогоо хийтэл хажуу талаас алгадаж, утсыг маань булааж аваад зугтсан. Хойноос нь хамгаалагчид гарсан боловч согтуугаараа машин жолоодоод гарсан” гэв. Хохирогч эмэгтэйг цагдаагийн хэлтэст авч ирж, мэдүүлэг авч, өргөдөл бичүүлж, шүүх эмнэлэгт очиж, гэмтлийн зэргээ тогтоолгох үүрэг өгсөн юм.

Архи ууж, агсам тавьсан дуудлага ар араасаа хөврөх нь манай улсад согтууруулах ундаа аюулын харанга дэлдэж эхэлсэнг харж болохоор. Дөрвөн машинтай найман цагдаа энэ шөнө эргүүлд явж, ирсэн дуудлагын дагуу ажиллаж байгаа. Хоёр хүүхэд хөтөлсөн цагдаа орж ирж, ахмад М.Отгонсүрэнд гарсан хэргийн талаар тайлбарлаж байв. Тэрбээр “Ээж нь архи уучихаад охиноо мөнгө хулгайлсан гэж зодсон байна. Ээжийг нь эрүүлжүүлэх байр руу авч явсан. Хүүхдүүдийг нь 108-д хүргэж өгнө” гэж хоорондоо ярилцаж байв. Найман настай охин, дүүгээ хөтлөн элгээ тэвэрсэн байдалтай зовиурлангуй зогсоно. Ээж нь өөрт байсан мөнгөөрөө архи авч уучихаад охиноо авсан хэмээн сэрдэж, элэг болон цээж рүү цохисон хэмээн охин хоолой зангируулан хэлэх аж. Болсон явдлын талаар тайлбар авч, тэд Хүүхэд хамгаалах байр руу хүргэж өгч, тус газрын ажилчдад хүлээлгэн өгөв.

“Ээж архи уухаараа намайг дандаа зоддог. Эрүүл болоод эрүүлжүүлэхээс гарахаараа надаас уучлалт гуйдаг. Ээжийг архи уучихсан байхад би их айдаг. Аав маань бурхны оронд очсон. Түүнээс хойш ээж сэтгэлээр унаад архи уух нь ихэссэн. Хүүхэд хамгаалах байранд би дөрвөн удаа ирж байна” хэмээн ярих түүний ээж орцны жижүүр хийдэг гэнэ. Орцны жижүүр хийж охидуудаа тэжээх гэж ажилладаг ч архи гэх аюулд нэрвэгдээд нэлээд хугацаа өнгөрсөн нь түүний ярианаас илт.

112 дугаартай машинаар гэр хорооллын энхэл донхол ихтэй замаар хэсэг явж, эргүүлийн ажлыг хийв. Ажлын өдөр болоод ч тэрүү энэ шөнө амгалан байна гэж өөр хоорондоо ярилцаж яваа тэднээс иргэдээ тайван амгалан, аюулгүй  орчинд амьдруулахыг хүсдэг нь мэдрэгдэж байв. Ирсэн дуудлага бүрт цаг алдалгүй очиж, арга хэмжээ авч, хохирогч иргэдэд хуулийн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгч байлаа.

Эргүүл хийх явцад зочид буудлаас мөнгө алдлаа гэх дуудлага ирэв. Дуудлагын дагуу очиход 25 настай залуу 115 мянган төгрөгөө хүнд өгөөд залилуулсан талаар хэлсэн юм. Хэргийг тодруулахад “Би хөдөө ажилладаг. Өнөөдөр ирээд фэйсбүүкээс санхүү өгнө авна гэсэн зарын группээс нэг охинтой танилцаж хамт хонохоор тохиролцож, 115 мянган төгрөг өгсөн. Гэтэл нөгөө бүсгүй өлсөөд байна. Идэх юм аваад өгөөч гэсэн. Би дэлгүүр дагуулж ороод идэх зүйлс худалдаж аваад гарч ирэхэд зугтсан байна лээ. Уг нь утсаар ярих гээд гарч явсан юм” гэв.

“120 МИНУТ” хамт байхад гэр бүлийн хүчирхийлэлийн тэр дундаа архидан согтуурч эхнэр, хүүхдээ зодож, бэртээсэн дуудлага ихэвчлэн ирж байлаа.  Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс элдэв ааш гаргаж, цагдаа нарыг доромжлоод зогсохгүй цохиж, биед нь халдах нь энгийн үзэгдэл мэт болсныг шүүмжилж байсан юм.  Эмэгтэй цагдааг элэг барих тал бишгүйдээ гардагийг ахмад М.Отгонсүрэн онцолж байв. 09.00 цагт ирж өдөржин, шөнөжин ажилласан түүнд ядарсан шинж алга. Харин ч гарсан хэрэг бүр дээр нэгбүрчлэн очиж ажиллаж байв.

Тэрбээр эрүүлийг хамгаалах салбараас цагдаагийн байгууллагад урваж орж ирсэн жирийн нэгэн эмэгтэй. Гэр бүлдээ төдийлөн зав гаргаж чаддаггүй ч Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн хийдэг. Өөрийнхөө гэр бүл, үр хүүхдэд гаргаж чаддаггүй анхаарал, халамж, цаг заваа мэргэжлээрээ дамжуулж олон хүнд хүргэдэг болоод ч тэрүү цагдаа гэх эрхэм алдрыг зүүж яваадаа тун чиг сэтгэл хангалуун байдаг талаараа онцолсон юм. Эмэгтэй цагдаа эрсдэлтэй зүйлтэй олон удаа учирна. Тэр тусмаа шинэхэн албанд томилогдож очсон шинэхэн мөрдөн байцаагч байхдаа хүүхэд, хөгшид нас барсан дуудлагад очиж ажиллах л их хэцүү байсан гэнэ. Ар гэрийнхнээс нь мэдүүлэг авахдаа нулимсаа залгиад л хэргийн газарт ажиллаж, үзлэг хийдэг гэсэн юм.

Тухайн шөнө хэдэн дуудлага ирсэн талаар маргааш өглөө нь түүнтэй холбогдож тодруулахад "105 дуудлага хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй таван дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаснаас хүний амь нас хохирсон нэг, хулгай тав, Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 19, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гурван иргэнийг эрүүлжүүлэх арга хэмжээ авч ажилласан" гэв. 

Ажлын өдөр 105 дуудлага ирнэ гэдэг энгийн бидний нүдэнд их тоо харагдана. Гэвч баасан гариг болон амралтын хоёр өдөр дуудлагын тоо огцом өсдөг талаар тэд онцолж байсныг энд тодотгох хэрэгтэй. Архи уусан үедээ алба хаагчдыг элдвээр доромжилж, биед нь гар хүрэх тохиолдол бишгүй гардаг нь хамт байх хэсэгхэн хугацаанд мэдрэгдэж байв. 

Нэг цагдаагийн ард бүх Монголын амар амгалан бий гэдэг. Түмнийхээ төлөө тангараг өргөсөн тэд цалин багатай ч цаг наргүй таны, миний бид бүхний төлөө ажилласааар байна...