Түүнд буцах зам үлдсэнгүй

Л.Оюун-Эрдэнэ хамгийн азтай Ерөнхий сайд. Түүний тэргүүлсэн танхим Оюу Толгойн хөрөнгө оруулагч талтай урт хугацааны хэлэлцээ хийсний үр дүнд, буулт хийлгэж гүний уурхайн бүтээн байгуулалт албан ёсоор эхлүүлэв. С.Баярын үед гэрээг үзэглэж, С.Батболдын өнгөнд үргэлжилж, Н.Алтанхуягийн он тоололд тэг зогссон эл аварга төсөлд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас "Дубайн гэрээ"-г хийж "амь тариа" залгасан. Гэвч асар их хардлага, эргэлзээ, маргаан дагуулсан энэ гэрээ Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх гэсэн хоёр ч Ерөнхий сайдын цаг үед тоймтой, тодорхой тохиролцоонд хүрэлгүй гүний уурхайн бүтээн байгуулалтыг хойш чангаах шалтгаан болсоор Л.Оюун-Эрдэнийн кабинетад "өвлөгдсөн" нь энэ.

Монголын талд нэмж өр үүсгэхгүйгээр, харилцан тохиролцсон хугацаанд буюу 2023 оны эхний улиралд бүрэн ашиглалтад оруулах товтой төсөл бүрэн хүчин чадлаараа ажилласнаар дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг бүрдүүлэх урьдчилсан тооцоололтой буй нь ирэх жилийн хамгийн жин дарах том тоон үзүүлэлт. 2009 оноос хойш нэгэн арван, нэмээд хоёр жилийн хугацаанд үл ойлголцол дунд явсан Оюу Толгойн төслийн хөрөнгө оруулагч талтай хэдхэн сарын хугацаанд хэлэлцээ хийж, 2.3 тэрбум ам.долларыг өрийг бүрэн тэглүүлснээрээ Л.Оюун-Эрдэнэ азтай.

Араас нь Засгийн газрын тэргүүний хувиар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргааныг эцэслэж, нүүрсний экспортыг гацаанаас гаргаснаараа тэр бас л азтай. Хэрвээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг улстөржүүлж, гацаалгүй 2013 онд ашиглалтад оруулсан бол 375 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортолж, хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох байсан нь биднээс хэдийнэ алсран одсон бодит мөнгөн дүн. Ерөөсөө л Л.Оюун-Эрдэнэ азтай. Монгол Улсын 10 жилийн төсөвтэй тэнцэхүйц 80 их наядын алдагдалтай Гашуунсухайтын 267 км ганцхан төмөр замтайгаа 14 он дамжин зууралдсан монголчууд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг хагас жилийн хугацаанд барихаар боллоо.

Монгол Улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замаар хийх тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэх энэхүү бүтээн байгуулалт хоёрдахь Гашуунсухайт, Замын-Үүдийг бий болгох учиртай. Уул уурхайн экспортын гол зах зээл болох БНХАУ-ын Бугат хот хүрэх тээвэр 242 километроор богиносч, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэх нь төслийн үр дүн, ач холбогдол нь. Одоо тэр олон жил дуншсан Эрдэнэбүрэн, Багануурын цахилгаан станцын төслийг хөдөлгөж, Эгийн голыг мөн эхлүүлэхээр энэ Засгийн бодлогыг тийш чиглүүлж, бас залуурдаж сууна. Хөрөнгө оруулалт нь бэлэн. Хятадын талын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд. Удахгүй Монголд ирэх, урд хөршийн Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын хүрээнд асуудлын учиг тодорхой болно.

Магадгүй Л.Оюун-Эрдэнэ МАН-аас тодорсон Ерөнхий сайд нараас хамгийн азгүй нь. "Ковид-19"-ийн цар тахлын нөлөө, хилийн хориг, хөрөнгө оруулалт татарснаас хэврэгшиж, агшсан эдийн засаг бүхий улсын сан хөмрөгийг хүлээн авснаараа азгүй. Хөгжлийн банкны асуудлыг дэлгэж, улс төр, бизнесийн бүлэглэл дамнасан хүний өөрийнгүй олон дайсантай болсноороо азгүй. Одоо дахиад Гашуунсухайтын төмөр зам тойрсон сүлжээ рүү орчихлоо. Экс Ерөнхийлөгчид хамаарч, наалдаж, хамаатуулж ирсэн энэ төмөр зам Монголын улс төрийг улам өрдөж, шуурга дэгдээнэ үү гэхээс лав намжаахгүй. Эрчим хүчний эх үүсвэрүүд  шинээр барих, Эрдэнэбүрэн, Багануур, Эгийн голын цахилгаан станцтай холбоотой асуудал нь ч Л.Оюун-Эрдэнийг чиглэсэн "эх оронч"-дын фронтыг өргөжүүлж эхэлснийг энэ өдрүүдийн уур амьсгалаас харж болно. Энэ хооронд дараагийн Ерөнхий сайдыг ч "тодруулж" амжлаа. Том төслийг хөдөлгөж, том хулгайтай тэмцэх нь өөрөө том улс төрийг л дагуулна. Хэдий чинээ агуулга, хамаарал, нөлөөлөл нь том байна, төдий чинээ том эрсдэлтэй. Тэр хэрээрээ улс төрийн эр зориг шаардана.

Гадаад тавцанд ч амаргүй цаг үе Монгол Улсыг тойроогүй дайрч байна. ОХУ-Украины дайны нөлөө шатахууны үнийн нэмэгдлээр дотоодод мэдрэгдэхтэй зэрэгцэн БНХАУ, АНУ гэсэн хоёр их гүрний хурцадмал байдал Монголд хэрхэн нөлөөлөх нь өнөөдөртөө тодорхой бус байна. Үүгээрээ тэр азгүй. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ азтай, азгүйн дунд сул ганхаж зүгээр суухыг хүссэнгүй. "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгасан хилийн боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлж, эрчим хүчний шинэ эх үүсвэр эрэлхийлсэн нэн шинэ стандартыг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хойд хөршийн Гадаад хэргийн сайд С.Лавровыг ирэхэд зориуд тулгаж, ярилцсан эл бодлогоо одоо БНХАУ-ын тэргүүн дипломатчаар баталгаажуулах гэж байна. Гэдэг нь Эрдэнэбүрэн, Багануурын цахилгаан станцын төслөөс гадна урагшаа чиглэсэн гурван ч шинэ гарцтай болсныг Ван И-гийн "ам"-аар хэлүүлэх нь эл айлчлал тойрсон таамгаас хамгийн өндөр магадлалтай нь. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэд буцах зам үлдсэнгүй. Эхлүүлснээ үргэлжлүүлж, бүр дуусгах, эцсийн үр дүн нь үзэх гэсэн сонголт, цаг хугацааны тоолуурын өмнө тэр зогсож байна.

Г.Эрхэс