Р.Лхагва-Очир: Маргааныг хүчээр шийдвэрлэдэг нь хамгийн аюултай

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах зорилгоор хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байгаа юм байна. Увс аймагт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг өнгөрөгч оны статистик мэдээллээс харахад өссөн үзүүлэлттэй байна. Энэ асуудлаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Лхагва-Очиртой ярилцлаа.

-“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн нийслэл, аймгийн төвд үйлдэгдэж байна уу?

 -Увс аймаг дахь цагдаагийн газарт өнгөрөгч оны мөн үед хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50 гаруй бүртгэгдэн шалгагдаж байсан. Харин энэ оны есдүгээр сард 80 гаруй гэмт хэрэг бүртгэгдэж, 60 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Увс аймаг дахь Цагдаагийн газарт он гарснаас хойш бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт хэргийн 30 орчим хувийг энэ төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Улсын хэмжээнд “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг буурахгүй байгаатай холбоотойгоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас энэ төрлийн гэмт хэргийн тоог бууруулах, иргэдийн гэмт хэрэг үйлдэх, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү арга хэмжээг 14 хоногийн хугацаатай зохион байгуулж ажиллаж байна.

Ихэнхдээ энэ төрлийн гэмт хэрэг хотын төвд, төвлөрөл ихтэй, архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг, үйлчилдэг байгууллага ихтэй газарт үйлдэгддэг. Мөн орон нутгийн онцлогоос хамааран хөдөө орон нутагт үйлдэгдэх нь бий. Жишээлбэл: Хөдөө хадлан услах үеэр уснаас болж хувийн таарамжгүй харилцааны улмаас нэгнийхээ биед халдаж зодох тохиолдол байдаг.

Арга хэмжээний зорилго нь иргэдийн хууль эрх зүйн мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр олон ажил явуулж, хор уршгийг залууст таниулах юм.

Бид нэг хором уураа барьж, өөрийгөө хязгаарлаж чадсанаар хүний эрүүл мэнд хохироох, цаашилбал ял эдлэх, өөрийнхөө эрхийг хязгаарлуулах зэрэг сөрөг үйлдлээс хязгаарлагдах боломжтой гэж үзэж байгаа. Хүн богино хугацаанд уурладаг. Энэ хугацаанд л хүн уур омгоо тэвчих ёстой.

-Энэ төрлийн гэмт хэрэг жил бүр өсөх хандлагатай байдаг уу?

-Сүүлийн гурван жилийн судалгаагаар нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа. Ерөнхийдөө буурдаггүй. Өсөх хандлагатай байна.

-Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд мэдээлэл өгөхгүй юу?

-Залуучууд үл ялих зүйлээс болж маргалддаг. Энэ маргааныг хүчээр шийдвэрлэдэг нь хамгийн аюултай. Гудамжинд зөрж өнгөрөхдөө хоорондоо маргаад нэгийгээ цохисноос болж эрүүл мэндээрээ хохироод үлдсэн жишээ олон байна. Мөн Баар цэнгээний газруудад архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсноос шалтгаалан энэ төрлийн гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох нь цөөнгүй байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн дийлэнх буюу 70 орчим хувийг согтуугаар үйлдсэн байдаг нь харамсалтай тоо баримт юм. Бидэнд архи, согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглэх соёл байх шаардлагатай юм болов уу? бодогддог. Ер нь архи, согтууруулах ундааны зүйл шиг амьдралын дайсан байхгүй, нийгэмд үйлдэгдээд байгаа ихэнх гэмт хэргийг согтуугаар үйлдэгдсэн байдаг.

Архи, согтууруулах ундааны зүйлээс шалтгаалаад олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа, мөн олон аавын хүү, ээжийн охин ял эдэлж нийгмээс тусгаарлагдаж байна.

Тиймээс архи, согтууруулах ундааны зүйлээс татгалзахыг залуустаа уриалж байна.

-Насны хувьд?

-60 орчим хувийг 25-40 насныхан эзэлдэг. Залуус сурч боловсрох, хөдөлмөрлөх ид насандаа дээрх гэмт хэрэгт холбогдож байна. Энэ бол маш харамсалтай үзүүлэлт. Ид хийж бүтээх насандаа яваа, ажил хөдөлмөр эрхэлдэг эсвэл сургуульд сурч, ажил амьдралын гараанд гарахын даваан дээр гэмт хэрэгт холбогдож, шүүхээс гэмт буруутайд тооцогдож, гэмт хэрэгтэн гэсэн тодотголтой болж байна.  Энэ нь ерөөсөө л  залуучууд тухайн цаг мөчид гарсан уур омгоо тэвчээгүйн улмаас хэн, хэнийхээ үгийг даахгүй, зөрөлдөхдөө шүргэлцэх, үл ойлголцсоноос бие, биедээ гар хүрснээс болж гэмт хэрэгтэн болж байна.

2002 оны Эрүүгийн хуулинд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хохирогч болон холбогдогч гэм буруутай этгээд хоёр нь сайн дурын үндсэн дээрээс эвлэрээд холбогдогч этгээд анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирлоо нөхөн барагдуулсан бол хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгодог байсан.

2015 онд шинэчлэн баталж, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулийн үндсэн гол зарчим нь хэнийг ч гэм буруутайд тооцно. Гэм буруутайд тооцох юм бол эцэст нь шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэдэг болсон байна. Прокурорын шатанд хэргийг хаах буюу хэрэгсэхгүй болгох гэсэн ойлголт байхгүй. Хэрэв энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдсан, буруутай бол заавал шүүхээр гэм бурууг шийдвэрлүүлнэ гэсэн үг. Ингэхээр залуучуудад маш хор хөнөөлтэй байгаа юм. Гэмт хэрэгт холбогдсон л бол шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, гэм буруутай нь нотлогдвол гэмт хэрэгтэн гэсэн тодотголтой болдог. Ингэснээр хэрэгт холбогдогч гадаад, дотоод явах визний тодорхойлолтод орох, төрийн албанд ажиллах зэрэгт хаалттай болчихдог, хувийн байдал мэдээлэлд гэмт хэрэг үйлдэж байсан тодотгол насан туршид нь явна.

-Яг ямар ял шийтгэл, хариуцлага тооцох заалттай байдаг юм бэ?

-Эрүүгийн хуульд Хүний бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулбал 450-1,350 мянган төгрөгөөр торгох ял шийтгэлтэй. Хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах юм бол 450-5.4 сая төгрөгөөр, хүнд хохирол учруулах юм бол 10-40 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг.

Нэг хүн хохироход доод тал нь 2 сая төгрөгийн нөхөн төлбөр гардаг. Хүнд гэмтэл учруулбал 10-40 сая төгрөгийн хохирол учирдаг. Ингээд асар их хохиролтой учир залуучууддаа хандаж хэлэхэд түрхэн зуурын уур бухимдлаа инээмсэглэлээр солиоч ээ.

Гэмт хэрэг үйлдсэний улмаас хоёр хохирогч бий болдог гэж боддог. 1 дэх нь эрүүл мэндээрээ хохирсон хүн. 2 дахь нь гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийг үйлдсэн хүний ар гэрийн хүмүүс. Тэд сэтгэл санаа, эдийн засгаар хохирч байдаг.

Таван секундийн үйлдэл таны тавиланг шийднэ. Тиймээс аливаа асуудалд ухаалгаар, тайван ханддаг байх хэрэгтэй.

-Хүний биед учирсан гэмтлийг хэрхэн яаж тогтоодог вэ?

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гээд дагнасан чиг үүрэгтэй байгууллага байдаг. Уг байгууллага аймаг бүрт шүүхийн шинжилгээний албатай. Хүний биед учирсан гэмтлийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилдаг ба гэмтлийн зэргээс хамаараад хэргийг зүйлчилдэг. Гэмтлийн зэргийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч тухайн хүний биед учирсан гэмтлийг үзэж, шинжилгээний объектыг үндэслээд тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргадаг. Дүгнэлтээр хүний биед үүссэн гэмтлийг тогтоодог.

-Иргэдэд юуг анхааруулж хэлмээр байна вэ?

-Нэг хормын уур бухимдлаа уучлал, инээдээр солих, аливаа асуудлын эхлээд уураар биш ухаанаар шийдэх, хүлээцтэй хандах, ухамсар, тэвчээрээр, тайван байдлаар шийдэх ,бусдын эрүүл мэндэд хохирол учруулахын хор уршгийг, хүлээлгэх хариуцлагын талаар ойлгох, бусдад түгээх, архи, согтууруулах ундааны зүй зохистойгоор хэрэглэх, залуустаа хандаж хэлэхэд архи, согтууруулах ундааны зүйлээс татгалзах, хэрвээ хэн нэгэн таны биед халдсан бол цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх, тухайн хүнтэй харилцан зодолдохгүй байхыг зөвлөж хэлмээр байна.

“Нэг цохилт-хоёр амьдрал. Ухаалаг залуус амьдрал аварна”

-Ярилцсанд баярлалаа.

Х.Номин-Эрдэнэ