Ц.Солонго: Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжтой

Зээлийн хүүг бууруулах нь олон нийтийн туйлын хүсэл. Яагаад гэвэл, монголчуудын дийлэнх нь ямар нэгэн төрлийн зээлтэй. Тухайлбал, цалин, орон сууц, хашаа байшин, автомашин, тэтгэвэр, бизнес, хэрэглээ гэх мэт олон төрлийн зээлийг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагааас  яах ч аргагүй өндөр хүүтэй авдаг. Жишээлбэл, нэгэн иргэн арилжааны банкнаас таван жилийн хугацаатай 100 сая төгрөгийн зээл авахад эргэн төлөлт нь 181.8  сая төгрөг болжээ. Үндсэн зээлийн хүүнд 81.8 сая төгрөг төлж буй. Тиймээс л зээлийн хүүг хэрхэн бууруулах талаар эгэл жирийн иргэнээс шийдвэр гаргах түвшнийхэн хүртэл ярьж, гарц гаргалгаа хайдаг. Гэсэн ч төдийлөн бодит үр дүнд хүрч чадахгүй байна. Энэ талаар “Монголын зээлдэгчдийн холбоо”-ны тэргүүн Ц.Солонготой ярилцлаа.

-Арилжааны банкуудын зүгээс зээлийн хүүг жил бүр бууруулсан гэх тайлбар өгдөг. Үүнийг та бүхэн хангалтгүй гэж үзэж байна уу?

-Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4-т  "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшил болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна" гэсэн байдаг. Гэтэл төр Үндсэн хуульд заасан энэ үүргээ биелүүлж чадалгүй 30 жил боллоо. Иймд төр засгаас ямар нэгэн шийдвэр гаргахыг хүлээж, гар хумхин суухгүйгээр зээлтэй иргэд бид өөрсдөө  нэгдэх хэрэгтэй. Яагаад гэвэл, арилжааны банк бол хувийн компани. Иймд хувийн компанитай хувь хүн өөрөө л тэмцэх ёстойг өнгөрсөн 30 жилийн туршлагаас ойлголоо. Хувийн компанийн хууль бус мөлжлөгийг УИХ, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо аль нь ч хязгаарлаж чадахгүй юм байна. Гэхдээ эдгээр байгууллага өнгөрсөн хугацаанд огт дуугүй суугаагүй. Тодорхой хэмжээнд дуугарч, эсэргүүцсэний үндсэнд сүүлийн хоёр жилд зээлийн хүүг 0.4 функтээр бууруулсан. Гэхдээ энэ бол зээлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээнд буурсан үзүүлэлт биш.

-Одоогийн байгаа зээлийн хүүг хэдэн хувьд хүргэх боломжтой гэж  та бүхэн үзэж байна вэ?

-Манай улс зээлийн хүү хамгийн өндөртэй арван орны нэг.  Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн өнгөрсөн жилийн мэдээллээс үзэхэд арилжааны банкны зээлийн жилийн хүү дунджаар 25, банк бус санхүүгийн байгууллагынх 38.4, хадгаламж зээлийн хоршооных 34.8, ломбардных 42 хувьтай байна. Өдрийн зээлийн хүү бол маш өндөр буюу 10 хувийн хүүтэй байдаг. Тиймээс зээлийн хүүг шат дараатай бууруулах ёстой гэж үзэж байна. Ялангуяа арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаах ёстой. Ийм боломж ч бий. Зээлийн хүүг бууруулах гол арга бол инфляцыг бууруулах, тогтвортой барих явдал юм. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханшийг тогтвортой барих ёстой гэсэн үг. Гэтэл сүүлийн есөн жилд монгол төгрөгийн ханш 110 хувиар унасан. Инфляц өндөр байгаагийн гол буруутан нь арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага юм.

-Яагаад?

-Валютын зохицуулалтын хууль гэж бий. Үүнийг хууль тогтоогчид, шат шатны шүүхийнхэн, хуульч, өмгөөлөгч нарыг сайн судалж, хараасай гэж хүсч байна. Тухайн хуулийн 5.4-т “Арилжааны банк валютын зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтооно”, 5.6-д “Валютын арилжаа хийх тусгай зөвшөөрөлтэй банк, банк бус санхүүгийн байгууллага валютын зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэн бэлэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтооно” гэсэн заалт бий. Мөн хуульд “Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг валютын зах дээр арилжааны банкуудын худалдсан, худалдан авсан гадаад валютын ханшид үндэслэн тус улсын гадаад худалдаанд зонхилон хэрэглэж байгаа тогтвортой ханш бүхий, чөлөөтэй хөрвөдөг аль нэг гадаад валютын тухайн үеийн ханштай жишиж тогтооно” гэсэн заалт бий. Үүнээс үзэхэд валютын ханшийг Монголбанк тогтоодоггүй, харин арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага тогтоож байгаа юм. Ийм зохицуулалтыг холбогдох хуульд 2009 оны долоодугаар сард нэмэлт өөрчлөлтөөр оруулсан байдаг. Тиймээс өөрөөсөө шалтгаалахгүйгээр хохирч, барьцаа эд хөрөнгө, хашаа байшин, газар зэргээ арилжааны банкинд хураалган шүүхийн хаалга татаж буй иргэдийг хуульч, өмгөөлөгчид тухайн хуульд үндэслэн хамгаалах хэрэгтэй.

-Олон хүчин зүйлээс хамаарч зээлийн хүүг тогтоодог гэж холбогдох албаныхан тайлбарладаг. Уг нь нөлөөлж буй гол хүчин зүйлийн нэг буюу хадгаламжийн хүүг арилжааны банкууд бууруулсан шүү дээ? 

-Бид судалгаа хийхэд сүүлийн 1-2 сарын дотор арилжааны банкууд хадгаламжийнхаа хүүг бууруулсан байна билээ. Энэ нь зээлийн хүүг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөөлөх ёстой. Гэтэл бодит байдалд бага ч болтугай хувиар зээлийн хүүг бууруулахгүй байгаад учир бий. Гэхдээ арилжааны банкинд “Хадгаламжийн хүүгээ бууруулсан учраас зээлийн хүүгээ ч мөн бууруул” гэдэг шаардлага шууд тавих боломжгүй л дээ. Яагаад гэвэл, зээлийн хүү зөвхөн хадгаламжийн хүүнээс хамаардаггүй. Нөгөө талаараа  хадгаламж эзэмшигчдийн 4-5 хувь нь жирийн иргэд бол дийлэнх нь банкны хөрөнгө оруулагчид, эзэд нь байдаг. Үүнээс гадна бас нэг асуудал бий. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оноос өмнө авсан зээлийн хүүг одоогийнхтой дүйцүүлж буулгахгүй байна. Бид буулгах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Иргэд, олон нийт арилжааны банкны гүйлгээний шимтгэлд шүүмжлэлтэй ханддаг. Энэ талд танай холбооны зүгээс ямар нэгэн шаардлага тавьдаг уу?

-Сүүлийн жилүүдэд арилжааны банкууд интернэт банк, мессеж үйлчилгээ, банк хоорондын шилжүүлгийн хураамж гэх мэт шинэ үйлчилгээ нэвтрүүлж маш их хэмжээний ашиг олж байна. Арилжааны банкууд дэвшилтэт, шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа нь авууштай ч үйлчлүүлэгчдээсээ шимтгэл авч, боловсон дээрэм хийх шаардлагагүй. Үйлчилгээний үнэ, шимтгэл, хураамжийн талаар үйлчлүүлэгчдээс, манай холбооноос огт санал авдаггүй. Хамгийн олон үйлчлүүлэгчтэй ХААН банкаар жишээ татаж тайлбарлъя. Нэг хүн өдөрт дунджаар таван гүйлгээ хийдэг гэж бодоход өдрийн хураамж 500, сард 15000, жилд хамгийн багадаа 180000 төгрөг болно. Тухайн банкны хоёр сая үйлчлүүлэгчид үржүүлэхэд жилд 360 тэрбум төгрөг болж байна. Энэ бол зөвхөн интернэт банкны гүйлгээний хураамжийг тооцсон үзүүлэлт. Ийм байдлаар үйлчлүүлэгчдийн данснаас хууль бусаар шимтгэл, хураамж авч байна.  Тиймээс бид үүнийг ч гэсэн эсэргүүцэж, зохих шаардлага тавьдаг. Иргэд данснаас нь нэг дор бөөнөөрөө их хэмжээгээр гардаггүй учраас зарим нь анзаардаггүй, анзаарсан нэг нь тоодоггүй.  Арилжааны банкууд иргэдийн мэдээлэлгүйг далимдуулж, аливаа зүйлийг өөрт ашигтай байдлаар зохицуулдаг. Банкууд ихэвчлэн иргэдэд харилцах данс нээж, мөнгийг нь эргэлдүүлж ашиг олдог. Үүнд хүү тооцуулах ёстой. Иргэд харилцах дансаа хадгаламжийн данс болгож түүндээ картын үйлчилгээг холбуулах ёстойг иргэд тэр бүр мэддэггүй. Мөн зээлийн эргэн төлөлтийн графикийг банкууд өөрт ашигтай хувилбараар гаргадаг. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмждэггүй, зээл олгохдоо нэг, хугацаанаас өмнө зээлээ хаахад мөн нэг хувийн шимтгэл авдаг зэрэг хууль бус, зүй бус үйлдлийг бид эсэргүүцэж байгаа.

-“Зээлдэгчийн холбоог хэдэн онд байгуулсан бэ. Одоогоор хэчнээн иргэн нэгдээд байна вэ?

-Холбоогоо 2016 онд байгуулсан. Монголд өнөөдрийн байдлаар арилжааны 14 банк, банк бус санхүүгийн 539 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Арилжааны банкнаас 740000 гаруй, банк бус санхүүгийн байгууллагаас  234000 иргэн зээл авсан байна. Эдгээр хүний эрх ашгийг хамгаалах үүднээс энэ холбоог байгуулсан юм. Зээлтэй бүх иргэн, аж ахуйн нэгж манай холбооны албан  бус гишүүн.

-Та бүхэн холбоо байгуулаад гурван жил болж байгаа юм байна. Энэ хугацаанд арилжааны банкны зээлийн хүүг бууруулахад алхам хийв үү. Ямар төрлийн ажил зохион байгуулсан бэ?

-2016 оны гуравдугаар сараас эхлэн арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулахаар тэмцэж эхэлсэн. Тухайн үед арилжааны томоохон есөн банкинд шаардлага хүргүүлсэн. Тэд янз бүрийн шалтгаан хэлж, зээлийн хүүг бууруулах боломжгүй гэдгээ бидэнд мэдэгдсэн.  Гэхдээ бидний болон эдийн засагчдын тооцоо судалгаагаар зээлийн хүүг бууруулах боломж бий. Зээл авч байгаа нэг хүн, нэг аж ахуйн нэгж дангаараа арилжааны банкуудтай тэмцэх боломжгүй. Үр дүнд хүрч чадахгүй.  Иргэд “Зээлийн хүү хэт өндөр байна”, “Зээлийн хүүнд дарлуулж байна, бууруул”  гэдэг шаардлага тавихад банкууд “Зээл авахаа л больчих” гэдэг хариулт өгдөг. Одоогийн нийгэмд иргэд зээл авахгүйгээр амьдрах, бизнес эрхлэх, үр хүүхдээ сургах ямар ч боломжгүй байна. Гэхдээ үүний цаана  банк, санхүүгийн үйлчилгээний байгууллага зээлдэгчгүйгээр оршин тогтнож чадахгүй. Иймд зээлтэй иргэд нэгдэж эсэргүүцлээ илэрхийлбэл, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагууд зохих шийдвэр гаргана.

-Та бүхний тавьж буй шаардлагыг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагынхан хүлээж авахгүй бол цаашид яах вэ?

-Хэрэв, тодорхой ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол зээлдэгчид тэмцлийн дараагийн алхамд шилжинэ. Жагсаал, цуглаан зохион байгуулна. Шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн банк болон банк бус байгууллагуудыг шүүхэд өгнө. Зээлдэгчдийн зээлийг бага хүүтэй банк руу шилжүүлнэ.  Өөрсдөөс үл шалтгаалсан нөхцөлөөс болж зээлээ төлж чадаагүй барьцааны эд хөрөнгөө хураалгасан иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалж тухайн банкийг шүүхэд өгнө. Би сэтгэлзүйч мэргэжилтэй. Надаас зөвлөгөө авч буй иргэдийн тухайд зээлийн асуудлаас болж хэрүүл маргаан үүсч, сэтгэл гутралд ордог, улмаар архинд орж,  гэр бүл салах хэмжээнд хүрдэг. Мөн  биеэ үнэлэлт, гэмт хэрэгт холбогдох, хулгай дээрэм ихсэх, ажил хийж зээлээ төлөхийн тулд олон зуугаараа хүний нутаг руу дайжиж байна. Хэрэв бид арилжааны банкнаас шаардлагатай мөнгөө бусад улс орны жишгээр маш бага хүүтэй авч чадвал ийм байдалд хүрэхгүй шүү дээ.  Тиймээс зээлтэй, зээлийн хүүнд дарлуулж, банкны гүйлгээний шимтгэлд шүүмжлэлтэй ханддаг иргэн, аж ахуйн нэгжийг бидэнтэй нэгдэж, эрх ашгийнхаа төлөө тэмцэхийг уриалж байна. Бид өөрсдөө л энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.

                                                                              С.Юмсүрэн