Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой
Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг шууд дамжуулдаг боллоо
Төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, хүнд сурталгүй, авлигаас ангид, түргэн шуурхай хүргэх зорилгоор Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг цахимаар шууд дамжуулдаг боллоо. Ийнхүү иргэд тухайн хурлаар хэлэлцэж буй асуудал, мэдээллийг ил тод хүлээн авах, барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэж буй. Тус зөвлөл нь Хот байгуулалт, хөгжлийн газрын хэлтсийн дарга нар болон УБЗАА, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Замын хөгжлийн газар, Монголын архитекторуудын эвлэлийн төлөөллөөс бүрддэг.
Түүнчлэн “eBARILGA” цахим системд олон нийтэд хэрэгтэй 11 төрлийн мэдээллийг орууллаа. Улаанбаатар хотод хийж буй цахим шилжилтийн хүрээнд өнгөрсөн арванхоёрдугаар сард вэб, аппликейшн хосолсон “eBARILGA” цахим системийг ашиглалтад оруулсан. Ингэснээр Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэд, хуулийн этгээдэд үзүүлдэг 22 төрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан билээ.
Иргэд www.ebarilga.ub.gov.mn геопорталаар дамжуулан Улаанбаатар хотын цаашдын төлөвлөлт, одоо байгаа барилга, байгууламжийн байршил, ашиглалтад орсон он, давхрын тоо, зөвшөөрөлтэй эсэх зэрэг чухал мэдээллүүдийг авах боломжтой. Мөн өөрт хамгийн ойр эмнэлэг, эмийн сан, сургууль, цэцэрлэг, гамшгийн үед цуглах талбай зэргийг харж болно. Харин “eBARILGA” гар утасны аппликейшн ашиглан иргэд өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг хянах, барилга байгууламжийн зөвшөөрлийн хугацааны мэдээлэл, мэдэгдлийг харах, зөвшөөрөлгүй барьж буй барилга, байгууламжтай холбоотой зөрчлийг мэдээлэх, хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр боловсруулж байгаа төсөл, хөтөлбөрийн мэдээллийг шуурхай авах, өөрийн санал, хүсэлтээ илгээж болно.
Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:
-“eBARILGA” систем ашиглалтад орсноор иргэдээс ирэх хүсэлт, өргөдлийн тоо нэмэгдсэн бөгөөд өргөдөл, гомдлыг дөрөв хоногт багтаан шийдвэрлэж байна. Харин барилгын зөвшөөрөл олгох үйл явцын хувьд мэргэжлийн зөвлөл долоо хоногт нэг удаа хуралдаж, хурлаар хэлэлцсэн асуудал дараачийн долоо хоногтоо шийдвэрлэгдэж байгаа. Тус хурлаар барилгын чанар, аюулгүй байдал болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нураах, дахин барилгажуулах талаар хэлэлцдэг. Мөн иргэдээс барилгад давхар нэмэх, өргөтгөл хийх хүсэлт олон ирдэг. Энэ тохиолдолд тухайн барилга, байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээнд үндэслэн хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрлэж байна.
Барилга барих хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар иргэдээс гомдол, санал олон ирдэг. Тиймээс Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг ил тод, нээлттэй байлгах зорилгоор цахимаар шууд дамжуулдаг боллоо. Уг хурлаар архитектор төлөвлөлтийн даалгавар батлах үйл ажиллагааг хэлэлцдэг байсан бол нэмэлтээр загвар зураг баталгаажих үйл ажиллагааг хэлэлцдэг болсон. Шаардлага хангаагүй, стандартын бус зураг төсөл ирүүлсэн тохиолдолд буцаадаг. Энэ үйл явцыг зөвшөөрөл хүсэж буй иргэн, хуулийн этгээд хүнд суртал гэж ойлгох нь бий. Иймд хурлыг цахимаар шууд дамжуулдаг болсноор хүсэлтийг буцааж буй шалтгааныг ил тод харж болно хэмээлээ.
Зөвлөлийн бүрэлдэхүүн 2022 онд 44 удаагийн хурлаар барилга барих 1661 хүсэлтийг хэлэлцэж, 1167-г нь дэмжиж, шийдвэрлэн, архитектор төлөвлөлтийн 1090 даалгавар баталжээ. Харин 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 10 удаа хуралдаж, 557 хүсэлтээс 392-ыг нь дэмжиж, шийдвэрлэн, архитектор төлөвлөлтийн 169 даалгавар батлаад байна.
Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг Хот байгуулалт, хөгжлийн газрын фэйсбүүк хуудас /https://www.facebook.com/uda.ub.gov.mn/-аар шууд хүлээн авч, үзэх боломжтой.