“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” болно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 19 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм. Тухайлбал, барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд давхардсан тоогоор 733 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Барилгын ажлын аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай мэдэгдэл хүргүүлжээ. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал, хөшөө, дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх үүрэг өгсөн. Нийслэлийн хэмжээнд 2023 онд нийт найман удаагийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Одоогийн байдлаар гурван удаа зохион байгуулсан. Түүнчлэн нийтийн тээврийн 925 автобусанд өдөр тутам гадна, дотор цэвэрлэгээ хийж байна.

Нийслэлийн хэмжээнд 1400 гаруй СӨХ, хүүхдийн тоглоомын 1600 талбай  бүртгэлтэй байдаг. “Хотоо угаая” аяны хүрээнд 257 СӨХ хүүхдийн тоглоомын 288 талбай болон гадна орчинд чийгтэй угаалга цэвэрлэгээ хийжээ. Мөн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бууруулах зорилгоор төвийн зургаан дүүргийн хэмжээнд дахивар хог хаягдал авах урамшуулалт өдөрлөгийг зохион байгууллаа.

 “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” дөрөвдүгээр сарын 20-нд болно. Форумын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Форумыг Яармаг дахь шинэ Хангарди ордонд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагууд, түншүүдэд урилга хүргүүлсэн. Олон улсын байгууллагын 120 гаруй төлөөлөл оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Гадаадаас 100 гаруй зочин хүрэлцэн ирнэ. Форумын https://ubif.mn/ цахим хуудас ажиллаж эхэлсэн бөгөөд бүртгэл хийж байгаа” хэмээлээ. Форумын хүрээнд 15 гэрээ, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ. Хотын дарга бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгов.