С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Банкны дээрмээс нүүрсний хулгай хүртэл...
Монгол Улс энх цагийн олон “баатар”-тай. Танигдах, танигдаж ирсэн технологи нь маш энгийн. Ерөөсөө л нийгмийн эсэргүүцэлд дөрөөлсөн нэжгээд хэсгийн тэмцлээр тодрох. Эхлээд “Ахмадын холбоо”-ны туган дор өөрийн үеийнхнийг нэгтгэсэн Г.Баасан гэж “баатар” байлаа. Төв талбайгаас эхтэй тэдний тэмцэл Саарал ордныг тойрон гороолж, түүнийх нь хөлд Төрийн цагдаа өртөж, хувцсаа уруулж, хоолойгоо заамдуулснаар дуусдаг жамтай байв. Олноо “Баасан авгай” болтлоо алдаршсан түүний тэмцлийг О.Магнай, Ж.Батзандан тэргүүтэн өвлөн авч, улам төгөлдөршүүлснээр 1990 оны хувьсгалаас хойшхи нам гүн явсан Сүхбаатарын талбай хэсэгтээ л эсэргүүцлийн лоозон барьсан хэсгийн хөлд дарагдсан. Үйлдвэрчний эвлэлийн холбоо гэсэн том шошготой, бас мотортой явсан С.Ганбаатар хүртэл эх орныхоо хөрсөнд үрийг нь цацаж асан “Фенг-Шүй”-гийн замналаа орхиод эцэст нь тэдэнтэй нэгдсэн түүхтэй.
Ардчилсан тогтолцооны 30 жилийн сүүдэрт үлдэхгүйн тулд нэгэн жарны турш ой тоондоо дархлуулсан коммунист үзэл сурталдаа арай ядан салхи оруулж, чөлөөт зах зээлийг хүлээн зөвшөөрөх гэж чардайж буй өнөөгийн МАН-ыг МАХН байхад, Н.Энхбаяр гэсэн ганцхан удирдагчтай явахад хөлд, хэлд орж байсан тэдгээр “баатар”-ын залгамжлагч, үр хойч өдгөө ч амь бөхтэй оршсоор байна. Ялгаатай нь, Г.Баасан, О.Магнай, Ж.Батзандан, С.Ганбаатар нар шиг халуунд халж, хүйтэнд хөрөх шалтгаан үгүй. Хүсвэл хэний ч толгойд олс зүүгээд дүүжлэх хэмжээний цахим технологийн дэвшил гол хэрэглүүр, мөн зэвсэг нь. Тэгэхийн тулд ямар нэгэн дүр хэрэгтэй. Дүр нь байхад дур эзнээ голохгүй. Ийм нэгэн шалгуур, үзүүлэлтээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улс олон ч “баатар”-ыг өлгийдөн авсан нь ч байна, орой дээрээ залсан нь ч бий. Тохуутай нь нийгмийн нэгээхэн хэсгийн мятрашгүй тэмцэлд дөрөөлсөн уг нэгдлийн цаана улсаа нураах хэмжээний эрх ашиг бэтгэрч, бугшитлаа томорч ирснийг жил гаруйн хугацаанд өрнөсөн хоёрхон үйл явдал хангалттай харуулав.
Эхнийх нь Хөгжлийн банкны гэх хэрэг. Нэрнээсээ, үйл ажиллагааны цар хүрээгээрээ ч хөгжлийн бодлогод суурилсан эл банкийг өнгө нь өөр ч намын батлахаар ижилсэн хэсэг нь хэрхэн тонож, дээрэмдэх ажиллагаа явуулсныг жилийн өмнөөс мэдэж, мэдэрцгээсэн нь энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилсэн Нээлттэй сонсгол. Аман дээрээ эх орныхоо хөгжлийн төлөөх төсөл, хөтөлбөрт зарцуулсан гэх Бондын эх үүсвэртэй санхүүжилтийн дийлэнх нь ачир дээрээ зориулалт бусаар ашигласныг тэгэхэд ил болгосон. Байгаа хэдэн аж ахуйн нэгжийг, бодитоор эдийн засагт нөлөө үзүүлдэг хувийн хэвшлээ хардаж, үгүйсгэхийг тугаа болгодог улстөрчид, бизнесийн хамаарал бүхий этгээдүүд нэр нөлөө, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж 1.8 их наяд төгрөгийг гарын салаагаараа урсгасныг олон нийт мэдэж авсан.
Нийтээрээ хэлэлцэж, нийгмээрээ шахсаны хүчинд 1.3 их наядын зээлийн төлөлтийг буцаан төвлөрүүлж, банкны үйл ажиллагаа хэвийн түвшинд шилжиж, Монгол Улс дефолтыг дайраагүй тойрсон. Хэрвээ 1.8 их наядаар хэмжигдэх зээл чанаргүй ангилалд шилжсэнийг, ард нь улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд байсныг банк өөрөө зарлаагүй бол өнөөдөр Хөгжлийн банк байх эсэх нь эргэлзээтэй байв. Саяхан төлсөн 500 сая ам.долларын бондын төлбөр ч Засгийн газрын шууд утгаараа татвар төлөгчдийн нуруун дээр бууж, улсаараа дефолт зарлах эрсдэлтэй нүүр тулах байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ өөрөө хийхгүй бол өөр хэн ч хийхгүйтэй адил дотоодын улс төр, гадаадын нөхцөл байдлын амаргүй цаг үед Хөгжлийн банк нь өөрсдөө шүгэл үлээсний үр дүнд 1.3 их наядын зээлийг буцаан төлүүлж, 500 сая ам.долларын бондын өрийг хааж, үйл ажиллагаа нь хэвийн түвшинд шилжсэн нь бэлээхэн жишээ.
Үүн шиг өнгөрсөн хугацааны хамгийн дуулиантай хэрнээ удаашралтай явсан гол асуудал болох “Нүүрсний сонсгол”-ын эхний үе шат Төрийн ордонд дөрвөн өдөр үргэлжилснээр хөшгөө хаалаа. Эндээс нүүрсний хулгай тойрсон асуудал дэгдсэн үеэс эл хэргийн ард “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэсэн ганцхан гэрчтэй, нэр бүхий УИХ-ын гишүүд холбоотой юм шиг ярьж, ойлгож, бичиж ирсэн улс төр, нийгмийн хүрээнд хэд хэдэн нэн шинэхэн бий болов.
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийн дагуу шанг нь таталцаж явсан анхных болон удаах гэсэн хоёр ч гүйцэтгэх захирал нь гэрчээр дуудагдаж тайлбар өглөө. Магадгүй Монгол Улс өнгөрсөн хугацаанд яагаад төмөр замгүй, түүнийхээ хилийн холболтод ач холбогдол өгөхгүй явсны учиг түрүүчээсээ тодорлоо. Асуудал өргөн, нарийн царигийн маргаандаа ч байгаагүй бүгдээрээ гадарласан л байх.
Хамгийн том ололт нь нүүрсний бүлэглэл үнэхээр байдаг гэдгийг том зургаараа монголчууд бүгдээрээ харлаа, үзлээ, сонслоо. Үндсэндээ төдийгөөс өдий хүртэл Монголын улстөрчид өөр хоорондоо ясаа булаалдах ноход шиг зодолдож, заамдалцахаас наагуур явж ирсэн ганцхан, бодитой шалтгаан нь ерөөсөө л Тавантолгой байжээ. Ууттай элс цоолоод улсынхаа хамаг баялгийг гадагшаа гаргах нь хэмээх үндсэн агуулгатай нэвтрүүлгийн авторынх нь нэгдмэл ашигтай сонирхолтой компани 800 орчим тэрбумын хөрс хуулалтын тендер авсан нь гэрэл цохилоо.
УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга асны хамаарал бүхий этгээдүүд эл асуудалд холбоотой гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн амаар хэлэв. Үүгээр зогсохгүй Үндсэн хуулиас давж гадаадын иргэнд газар эзэмшүүлсэн баримт хөндөгдсөн нь Ерөнхийлөгчийн сонорт хүрснээр онцгойлон анхаарал хандуулж, яаралтай шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгосноор үргэлжилж байна.
Улс төрийн өрөг дээр Оюу Толгойгоор “хэл”-д, “хөл”-д орсон Монголын топ улстөрчийн эхнэрийн үүсгэн байгуулалцсан компани 22.8 тэрбумын хуулалтын ажил авсан нь мөн л баримтаар гарч ирэв. Орон нутгийн өмчит “Тавантолгой ХК” компанийн ТУЗ-ийн болон гүйцэтгэх удирдлагын томилгоо аймгийн ИТХ-аасаа биш жижиг хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүний зөвшөөрлөөр явж ирснийг хаа хаанаа, хүлээн зөвшөөрөв. Гэх зэргээр дөрөвхөн өдөр үргэлжилсэн Нүүрсний сонсголын эхний үе шат жижиг Тавантолгойгоор эхэлж, томтой нь “гар барьсан”-аар дууслаа. Шинжээчийн дүгнэлтэд үндэслэж, ил болгосон нотлох баримтууд цаашаа хэрхэн хөвөрч, хэний эрх ашгийг хөндөх нь өнөөдөртөө хоёрдугаар асуудал. Хууль, шүүхийн байгууллагын мэдэх бүрэн эрхээс хамаарна. Гагцхүү ам мөлтөс хөндөөд өнгөрсөн “Эрдэнэс Тавантолгой” буюу Нүүрсний сонсголын хоёрдугаар үе шат хөшгөө нээсний дараа Монголын улс төр бүхэлдээ тийш чиглэж, түүгээр амьсгалах нь тодорхой болов.
Хөрс хуулалт гэсэн ганцхан сэдвийг уудлахад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргатай, бүр тагнуулын даргатайгаа холбоо сүлбээтэй байсан эсэх асуудал хөндөгдөж байхад олборлолт, тээвэрлэлт, компанийн орлого, зарлагын баримт нь хэдий хэмжээний гал дуудахыг хэлэхэд хэтэрхий эртдэнэ. Төмөр зам бариад ашиглалтад оруулбал хоёрхон машинист ажилтай болно хэмээн хээв яриад сууж байсны учиг ч эндээс тодорч мэдэхээр.
Гэхдээ л Нээлттэй сонсголын танхимыг Ардын Намынхнаар дүүргэнэ, бараг багтахгүй гэдгийг Түр хорооны дарга нь егөөдөөд хэлчихсэн. Үнэн ч байж болох. Тэгэхээр ирэх даваа гарагт Нүүрсний сонсголын хоёрдугаар үе шатанд хэн гэдэг албан тушаалтныг гэрчээр дуудах нь маргаангүй оргил цаг байх нь. Одоогоор ил болсон нь гэвэл Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, тагнуулын дарга, Ерөнхий прокурор, гишүүд зэргээр эрх мэдлийнхээ эрэмбээр ч, мэдээлэлд хамгийн ойр байдлаараа ч улс төрд нөлөөтэй явсан хүмүүс багтаж байна. Үүний дэргэд орон нутгийн өмчит Тавантолгойд гаарч, гаршсан асуудал нь чихрийн цаас төдий зөвхөн мөсөн уулын орой нь л гэсэн үг.
Г.Эрхэс