С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Мартаж болохгүй сэдэв, орхиж болохгүй хулгай
Монгол Улс парламентынхаа түүхэнд хоёр ч Нээлттэй сонсголыг жил дамнан зохион байгууллаа. Нэг нь Хөгжлийн банкных, нөгөөх нь “нүүрсний хулгай”-нх. Улс төрд, нийгмийн хүрээнд ч аль, аль нь гал дуудсан сэдэв. Шүгэл үлээгч нь Засгийн газар. Нотлох баримтыг шинжлэн судалж, холбогдох гэрчүүдээс тайлбар авч олон нийтийг нээлттэй мэдээллээр хангасан нь УИХ. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн Монгол Төрийн засаглалын гурван салаа мөчрийн хоёр нь үүргээ биелүүлсэн хэрэг. Одоо тэнд дурдагдсан, шинжээчдийн олж, илрүүлэх замаар хэн бүхний өмнө нээлттэй дэлгэсэн нотлох баримтын хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэг байсан эсэхийг гагцхүү шүүх байгууллага эцэслэн дэнсэлнэ гэсэн үг.
Лав л Хөгжлийн банкны Нээлттэй сонсгол хөшгөө хаахтай зэрэгцэн прокурорын байгууллагаас 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэнийг шүүхээр 47 хоног хэлэлцээд бараг тэн хагаст нь буюу 32 иргэнд ял оноосон түүхтэй. Гэвч гэм буруугүй гэж үзсэн 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн прокуророос эсэргүүцэл бичсэнээр эл асуудал дахин үргэлжлэх нь тодорхой болов. Ийнхүү Хөгжлийн банк тойрсон шүүхийн шийдвэр түрүүчээсээ эргэлзээ дагуулахтай зэрэгцэн “Нүүрсний хулгай” сонсголыг хоёр үе шаттайгаар, нийт есөн өдрийн турш зохион байгуулсан нь жил дамнан явсан хамгийн том хардлага, шүүмжлэл, хариуцлага нэхсэн нийгмийн хүлээлтэд зарим ойлголтыг өглөө.
Асуудал, агуулга, улс төрийн үйл явц талаасаа Хөгжлийн банкнаа хэдэнтээ нугалах хэмжээний эл хэрэг анхнаасаа л дуулиантайгаар эхэлж байв. Санаж байгаа бол урд хөршийн нийслэлд Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сард хөшгөө нээсэн өвлийн олимпын нээлтэд оролцсон Монголын Ерөнхий сайд Хятадын талын дээд түвшний албан тушаалтнуудтай уулзах үеэрээ хил дамнасан нүүрсний хулгай байгаа талаарх албан мэдээллийг авсан байдаг. Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа Ажлын хэсэг байгуулж, дөрөвдүгээр сард нь хэвлэлийн хурал хийж өөрөө шүгэл үлээж байлаа.
Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн хамтарсан Ажлын хэсэг гарч, нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар хамааралтай 100 гаруй хүнийг эхний ээлжид шалгаж эхэлсэн юм. Улмаар аравдугаар сард нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, арванхоёрдугаар сард нь АТГ-аас 17 хүний нэрийг зарлаж байв. Албан тушаалаасаа буусан Б.Ганхуягийг ч цагдан хорьж, АТГ-аас зарласан 17 албан тушаалтныг тойрсон улс төрийн уур амьсгалд шуурга дэгдсэнээс өөрөөр нүүрсний хэргийн үйл явц асуултын тэмдэг хэвээр явсан нь саяхан. Хуулийн сайд нь УИХ-ын гишүүний хувиар даргалсан “Нүүрсний сонсгол”-ыг зохион байгуулах хүртэл шүү дээ. Ардчилсан Нам тэргүүтэй сөрөг хүчний зүгээс эл хулгайн хамгийн том гэрч гэгдэх Б.Ганхуягийг оролцуулахыг шаардсан акц зохион байгуулсныг эс тооцвол Сонсголоор энэ хулгайн цаана хэн байсныг иргэд төдийгүй улстөрчид өөрсдөө мэдэж авцгаасан нь маргаангүй ололт.
Ямар ч байсан Үндсэн хуулиар Монгол нэгдмэл улс ч нүүрсний олборлолт, экспортоороо жин дардаг Өмнөговь аймаг тусдаа туурга тусгаар “Вант улс” болтлоо түүнээс давсан захирамж, шийдвэр хэрэгжүүлж газар нутгаа зарж ирснийг харцгаав. Улс төр, бизнесийн хамаарал бүхий зөвхөн нүүрсээр холбогдсон бүлэглэл нам харгалзахгүй байдгийг мэдэцгээв. Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэгддэг Монголын хил, гаалиар ямар ч бүрдүүлэлтгүй нүүрсний хулгай явсныг түрүүчээс нь ойлгоцгоов.
Энэ бүхний ард хэн гэдэг улстөрч, бизнесмэн, хэнтэй хоршиж, улс орны биш өөрсдийн эрх ашгийг нэгдүгээрт, нэн тэргүүнд тавьж, ханцуйндаа наймаалцаж байсан ил болов. Амнаас гарах үг, өгүүлбэр бүр нь үндэсний язгуур эрх ашиг хэмээн тунхаглаж ирсэн тэдгээр “эх орон”-чид Сонсголд гэрчээр оролцохоос татгалзаж, бүгдээрээ зугтацгаав гэдгийг зах зухаас нь гадарлацгаав.
2.5 сая хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” компанийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулсан 12 жилийн хугацаанд яагаад ашиггүй хэрнээ улстөрчдийн танил тал, хамаарал бүхий этгээдийн орогнох, орлогын эх үүсвэрээ бий болгох уурхай болгосныг мэдэж авцгаав. “Утааг яллаа” хэмээн улиг болтол сурталдаж явсан “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн гишүүд нь тэрбумаар хэмжигдэх урамшуулал авсан нь ил боллоо. Эсрэгээрээ байнгын алдагдалтай асуудалтай яваа энэ компанид түлшний шуудай шахахаас эхлээд санхүүгийн бүрдүүлэлт хийдэггүй, холбогдох баримтаа устгадаг зэргээр Төрийн нэрийн өмнөөс туйлж ирсэн “баг”-ийг нь хуу татлаа. Маш энгийнээр хэлэхэд “Нүүрсний сонсгол”-ын бодит үр дүн нь энэ. Хуйгаараа хулгай хийсэн нь ч байна. Хийсэн хулгайгаа нуун дарагдуулах гэж оролдсон нь ч байна. Баримт бол баримт юм хойно Сонсголоор ил болсон хууль бус хуудуутай асуудалд хариуцлага хүлээх нэгэн байж л таарна. Тэр бүх эрх нь засаглалын гурван салаа мөчрийн нэг шүүх байгууллагад бий.
Өөрөөр хэлбэл, “Үндсэн хуулийг хэрэгжүүлж, ард түмний мэдэх эрхийг хангах зорилгоор зохион байгуулсан “нүүрсний” сонсголыг явуулахад саад болох, өөр тийш чиглүүлэн таслан зогсоох оролдлого “нүүрсний хулгай”-тай холбоотой бүлэглэлээс удаа дараа гарч байсныг тэмдэглэн хэлье” хэмээсэн Хуулийн сайдын хэлсэнчлэн есөн өдрийн турш 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан сонсголд гэрчээр оролцсон 419 хүнээс хэн хэн бэ? гэдэг нь цаг хугацааны л асуудал болов.
Онцолж хэлэхэд энэ удаагийн Сонсголд давхардсан тоогоор 577 хүнийг гэрчээр оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч хүрэлцэн ирсэн нь 419. Үндсэндээ 158 орчим нь ямар нэгэн байдлаар хил давсан гэсэн үг. Хоёр ч Ерөнхийлөчөөс эхлээд хэд хэдэн Төрийн өндөр албан тушаалтнууд тэдгээрийн дунд байв. Хулгай хийгээгүй, хууль бус үйлдэлд оролцоогүй л бол Төр, түмнээ хүндлээд гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирэх учиртай л улстөрчид. Гэвч Сонсголтой зэрэгцэн бүгдээрээ нэгэн зэрэг хил даваад одсон нь тэднийг чиглэсэн эргэлзээ, хардлагыг улам лавшруулсан уу? гэхээс лав намжаагаагүй гэдгийг энд тодотгох хэрэгтэй.
Г.Эрхэс